Монгол залуус тусгай хэрэгцээт иргэд, тэр дундаа гарны бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор булчингийн үйл ажиллагаагаар хөдөлгөөн хийх боломжтой  ухаалаг “Бионик гар”-ыг бүтээж байна. 


Энэхүү “Энгийн мөрөөдөл” төслийг эхлүүлсэн залуус уг ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. 

Төслийн санаачлагч Г.Тулга “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй л адил зураг зурж, үзэг барихыг мөрөөддөг. Тиймээс төслөө энгийн мөрөөдөл гэж нэрлэсэн” гэлээ. Тэд 2019 оноос хойш туршилт, хөгжүүлэлт хийсэн Сим Бионикс ХХК-ийн залуус юм.  МТҮП-ийн Инкубаторын сонгон шалгаруулалтад шалгарч төслөө амжилттай хөгжүүлж буй тэдэнд төлөвлөсөн ажил олон байгаа аж.

Олон улсад бионик буюу хиймэл гар хөгжүүлэлтийн салбар 2009 оноос эрчимтэй хөгжиж буй. Харин “Энгийн мөрөөдөл”-ийн залуус хоёр жилийн хугацаанд олон улсын стандартад нийцэхүйц хиймэл гар хөгжүүлэлтийг хийж байгаа юм. Бүтээгдэхүүний түүхий эд буюу протез, мэдрэгч чип зэргийг АНУ, БНХАУ-аас авч Монголдоо угсрах ажлыг хийж гүйцэтгэдэг гэнэ.

"Энгийн мөрөөдөл" төслийн санаачлагч Г.Тулга

Монголд тулгуур эрхтний бэрхшээлтэй тэр дундаа гар нь гэмтэж бэртсэн, гаргүй  570 орчим хүүхэд байдаг аж. Эдгээр хүүхдүүдэд гар бэлэглэж, ирээдүйг нь өөрчлөхөөр зорьж буй.

Дэлхийн нийтэд хийгдэж буй бионик гар нь дунджаар 35,000 долларын өртөгтэй, бүтцийг нь дахин салгах боломжгүй үйлдвэрлэгддэг байна. Түүнчлэн хүүхдийн өсөлтөөс хамааран дахин шинээр захиалах шаардлагатай тулгардаг байна.  

Харин монголд үйлдвэрлэгдсэн энэхүү гар нь 3000 ам.долларын үнэтэй. Бас холбоосоороо салдаг учраас засаж сайжруулах боломжтой юм. Үндсэндээ өртөг багатай, хүүхдийн өсөлтөөс үл хамааран дахин зааварлах боломжтой гарыг гарааны компани “Сим Бионекс” нь бүтээж байна.

Уг төслийн залуус одоогоор хоёр дахь шатны хөгжүүлэлтээ дуусгаж, тав дахь загвараа бэлэн болгоод байна

Тэд чухам гарны хөгжүүлэлт дээр ажиллаж эхэлсэн тухайгаа “Хиймэл хөлийг бодвол хөгжүүлэх, угсрах зардлын хувьд харьцангуй хямд тусдаг учраас эхлээд хиймэл гар хөгжүүлье гэж шийдсэн. Цаашдаа хиймэл хөл, хараа, сонсголын технологи хөгжүүлэн ажиллана” гэлээ. 


Хиймэл гартай холбогддог утасны апплейкэйшнийг давхар хөгжүүлсэн байна. Учир нь хиймэл гар булчингийн нарийн командуудыг ялгаж танихад хэцүү байдаг ажээ. Тиймээс гарны тохиргоог апплейкэйшнтэй холбож, хүссэн үйлдлээ төвөггүй хийх, нарийн технологийг боловсруулж байгаа юм.

Хиймэл гар хөгжүүлэлтийн загвар

Энэ талаар “Энгийн мөрөөдөл” төслийг санаачлагч Г.Тулга “Шаардлагатай хүн бүр өндөр хөгжилтэй улс руу явж хиймэл гар хийлгэх боломжгүй. Тиймээс энэ асуудлыг дотооддоо шийдэж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг Монголдоо нутагшуулахад төрийн оролцоо, тусламж чухал ” гэв. 

Уг төслийн залуус одоогоор хоёрдугаар шатны хөгжүүлэлтээ дуусгаж, тав дахь загвараа бэлэн болгоод байна. Мөн гурав дахь шатны хиймэл оюун ухаан болон булчингийн мэдрэгч хослуулан ашиглаж гарны хурд, чиглэлийн нарийвчлан яг л бодит гар шиг мэдэрч ашиглахаар төлөвлөж байгаа гэлээ.