Зохиолч, бүтээл туурвилчид, яруу найрагчдын шинэхэн уран бүтээлээрээ уншигч олонтой уулзаж, номын соёлыг дэлгэрүүлж буй баярыг сурвалжлалаа.

Түм бужигнасан төв талбайг зорин очсон манай сурвалжлах баг МУСГЗ, сэтгүүлч, орчуулагч Г.Акимтай уулзсан юм. 

Тэрбээр номын баярт анх зохиогдсон цагаас хойш алгасахгүй оролцож байгаа аж. Энэ удаа "Шастирын чуулган” 3 боть ном, “Тахал” роман зэрэг бүтээлээ уншигчдадаа дэлгэж байгаа гэлээ. Мөн орчуулгын зохиол, бүтээлүүдийн талаар санаа бодлоо хуваалцсан юм. Тэрбээр хэлэхдээ  

"Сүүлийн үед манайхан гадаадын уран зохиол, бүтээл их орчуулж, унших нь ихэсчээ. Гэвч зарим орчуулгын бүтээл хэтэрхий үгчилсэн,  “махчилах” хандлага ажиглагдаж байна. Монгол хэл маань их яруу тансаг хэл учир юун түрүүнд эх хэлээ сайтар судлахыг зөвлөе." гэж ярилаа. 

Үүний дараа бид энэ удаагийн "Номын баяр"-ын онцлогийн талаар зохион байгуулагчдаас тодрууллаа.  "Номын баяр" арга хэмжээний зохион байгуулагч,  "Номын соёлт ертөнц" ТББ-н тэргүүн Б.Сувд  "Уран бүтээлч, зохиолчид хөл хорионы урт хугацааг үр дүнтэй өнгөрөөжээ. Олон шинэ зохиол, бүтээлийг уншигчдадаа өргөн барьж байна. Бид энэ удаагийн номын баярыг маань ардын уран зохиолч П.Бадарч гуайд хүндэтгэл үзүүлж зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

Манай арга хэмжээ анх зохиогдсон цагаасаа хойш  жилээс жилд өргөжсөөр, номын хорхойтнууд баярлан угтдаг, догдлон хүлээдэг  өдөр болж чадсаныг сүүлийн өдрүүдэд харж, өнөөдөр ирсэн олон хүмүүсээс хараад бүр сайн мэдэж авлаа. Энэ жил арга хэмжээгээ  “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулж байна. Иргэд та бүхэн ирэх амралтын өдрүүдэд ирж, хайртай уран бүтээлчидтэйгээ уулзаж, шинэ зохиол бүтээлийг нь аваарай гэж уриалж байна." гэлээ. 

Мөн үндэсний хувцсаараа гангаран суух яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёогоос уншигч түмэнтэйгээ ямар бүтээлээр учран золгож буйг нь асуулаа.

Тэрбээр "Монголын маань уншигч олон номыг эрдэг, хайдаг, үнэт зүйл болгон уламжлуулдаг жишиг тогтож байгаад маш их баяртай байна. Энэ жил би Уран бүтээлийн чуулган 10 боть ном, Гэгээнтэн, Шилийн богд, баримтат уран зохиолын 4 боть, гадаад хэл дээр хэвлэгдсэн зохиол бүтээлээрээ оролцож байна." гэж ярилаа.