Энэ долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар 20 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхний хэсэгт хэлэлцэж дууссан дөрвөн шийдвэрийг хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. 

Шийдвэр 1. Насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах үндэсний хөтөлбөртэй болох чиглэлийг эрүүл мэндийн яаманд үүрэг болголоо.  Монгол Улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан  нь зүрх судасны өвчин болон хорт хавдрын өвчлөл байна. 2010 оны байдлаар хорт хавдрын 4466 тохиолдол бүртгэгдсэн бол 2020 онд энэ тоо 6702 болж нэмэгджээ. Судалгаагаар үзэхэд хорт хавдраар өвчилсөн иргэдийн 73 хувь нь хожуу шатандаа орсон үед нь мэддэг байна. 

Шийдвэр 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэх  багц бодлогыг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэх, холбогдох хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулахыг тусгажээ. Бодлогын эхлэл болгож дараах хуулийн заалтыг биелүүлэхийг төрийн байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийнхэнд уриаллаа. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлд 25 ба түүнээс дээш ажилтантай албан байгууллага заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэнийг ажиллуулах үүрэгтэй байдаг. Уг заалтыг биелүүлээгүй тохиолдолд нийт ажилчдын цалингийн дундаж орлогоор бодон мөнгөн торгууль төлнө.

Энэ шийдвэрийн хүрээнд ерөнхий сайдын ажлын албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс Д.Ундрахбаярыг нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр томилох боллоо. Мөн Улаанбаатар хот, Архангай, Дархан Уул, Дунговь, Дорнод, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн төвийн барилгыг энэ жил дуусгахыг үүрэг болгосон байна.

Өнөөдрийн байдлаар ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийн хүрээнд 1.1 их наяд төгрөгийн зээл олгосон байна.

Шийдвэр 3. Нийслэл хотод тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэхийг хэлэлцлээ. Үүнд түгжрэлийг бууруулж нүхэн гарц хийх, Бэлх, Сэлхийн үерийн далан байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны төсвөөр шийдвэрлэхийг сангийн яамны сайдад үүрэг болгосон.

Шийдвэр 4. Засгийн газрын ээлжилт хуралдааны үеэр одоо хэрэгжиж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наяд”-ын төлөвлөгөөний хэрэгжилтийг сангийн яамнаас танилцуулдаг. Энэ удаагийн танилцуулгаар иргэдийн эдийн засгийн идэвх нэмэгдсэнг дурдлаа. Өнөөдрийн байдлаар ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийн хүрээнд 1.1 их наяд төгрөг зарцуулагдсан байна. Ерөнхий сайдын зүгээс шаардлагатай гэж үзвэл ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийн эх үүсвэрийг нэг их наядаар нэмэх боломжтой тухай хэлэлцлээ.