Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам Монгол киноны өдөрлөгийг Вена хотын “Дэлхийн музей”-д зохион байгуулав.

Кино өдөрлөгөөр “Шарга даага” (найруулагч Ч.Хоролдорж), “Хөх толбот хүмүүс” (найруулагч Ш.Доржсүрэн), “Гайхамшигт нислэг” (найруулагч Л.Бат-Амгалан, Ian Allardyce), “Уран хас” ( найруулагч У.Ихбаяр), “Алсын удирдлага” (найруулагч С.Бямба), “Далавч” (найруулагч Б.Ундрам) зэрэг бүрэн болон богино хэмжээний Монгол кинонуудыг олон нийтэд толилуулав.

Монгол өв соёлыг таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт Австрийн иргэд, Вена дахь гадаад улсын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Австрид зочилж буй жуулчид болон Австри Улсад ажиллаж, амьдарч буй монголчууд өргөнөөр оролцож, монгол кино үзэж сонирхлоо.