Гадаадад байсан хүмүүс бүр нэг монголоо алдчих юм гэцгээнэ. Монголоо алдах гэдэг нь монгол хүний шинж чанараа гээх гэдгээр шууд ойлгогдоно. Харин монгол хүний шинж чанар юу вэ?
Гадаад ажиллаж амьдарч байгаа олон монголчуудтай танилцахад тэд монголоо алдах биш харин илүү боловсорч, хөгжиж, соёлжсон харагддаг. Юмыг цагт нь амжуулж, хэнд ч төвөг болохгүй амьдарч, бусдад саад болохоос эмээж, төлөвлөж, хэрэгтэй үедээ хүнээс уучлал гуйж, баярлалаа баяртайгаа хэлж чаддаг, илүү бие даасан, ирээдүй амьдралдаа итгэлтэй болсон байдаг.


Барагтай бол муугаа хүнд үзүүлдэггүй, юмыг хурдан сурдаг чадвараараа тэд орчноосоо сайныг нь илүү сурчээ. Хүнтэй уулзах бол цагтаа ирж, ирж чадахгүй бол урьдчилан хэлж уучлал гуйж, нэгнийдээ гар хоосон ирдэггүй зангаараа жаахан жуухан юм бариад орж ирцгээнэ. Нэг нэгнийхээ хацар дээр үнсэн мэндэлж, баяртай гээд тэвэрэлдээд салах монгол залуусыг харах сайхан.

Монголоор ярихдаа баярлан инээлдэж, монгол хоолоо идэхдээ дуу алдаж байгаа тэднийг харах сайхан. Хутга сэрээгээ зөв бариад, ширээний ард цэмцийн суунгаа баярлалаа сайхан хооллоорой, үнэхээр амттай болжээ гээд айлын гэрийн эзэгтэй, эзэнг магтаж, эелдэг боловсон харьцах монголчуудыг харах сайхан. Архи уугаад согтсон ч миний монгол гээд дуулах тэднийг харах сайхан. Олсон арав таван төгрөгөө амьдралд нь хүрэлцэхгүй байсан ч ар гэр лүүгээ зөөж монголдоо байгаа эцэг эх минь гэх тэднийг харах сайхан. Хаана хэнийд ч ирсэн айлыг хүндрүүлэхгүйгээр, нэг нэгэндээ төвөг болохгүйгээр идэж ууж, хаа нэгтээ хооллосон бол төлбөр тооцоогоо хувааж төлчихөөд шулуухан ярьж хөөрөх монголчуудыг харахад сайхан. Герман хүнээс дутахгүй эх хэлийг нь эзэмшээд, түүгээр зогсохгүй хооллох, хүнтэй харьцах, бусдын үзэл бодлыг сонсох, хүлээн зөвшөөрөх чадвартай болсон монголчуудыг харах сайхан. Бүгд л адилхан асуудалтай тул хаана ямар боломж байгааг нэгэндээ хэлж дуулгах монголчуудыг харах сайхан. 

Монголчуудаа ажилд авна гэсэн зарыг түмний дундаас олж харах сайхан. Эх орондоо байгаанууд нь тэднээс авч амьдардаг мөртлөө эргээгээд гадаадын монголчууд гэж гадуурхаж, монголоо хаясан гэж үглэхэд санаа нэг алдаад за яахав сайхан өдөр монголд минь ирнэ гэх тэднийг харах сайхан. 

Монголчууд гадаадад монголоо алдах биш харин илүү соёлждог гэдэг би итгэлтэй байна.