МАН: Хэнтийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэл хангагдсан байсан

Б.Баясгалан
05 сарын 28, 2019

Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлаар МАН-аас өнөөдөөр мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн. Улмаар сонгуулийн зардал, товлоод буй сонгууль явуулах өдөр зэрэг нь хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж, нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэн юм. 

Цэцийн уг шийдвэртэй холбоотойгоор "МАН Хэнтийн нөхөн сонгуулийг явуулах сонирхолгүй байгаа тул Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлсөн" гэх таамаг, яриа нийгэмд цацагдаад буй.

Харин өнөөдөр МАН-ын төлөөллүүд мэдээлэл хийх үеэрээ "УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд зарлагдсан. Энэ цаг үеэс эхлэн МАН тухайн сонгуульд оролцохоор бэлтгэлээ хангаж ажилласан. МАН хуульд заасан хугацаандаа СЕХ-нд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгч, сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Мөн хөндлөнгийн байгууллагын олон улаагийн судалгаа хийгдэж, МАН-аас тус тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсийн нэрсийг жагсааж бэлтгэлээ хангасан. 

Гэвч Үндсэн хуулийн цэцээс өчигдөр шийдвэр гаргаж, нөхөн сонгуулийн түдгэлзүүлсэн. Манай нам өнөөдөр Бага хурлаа хуралдуулж, Хэнтий аймагт нэр дэвшигчээ зарлах байсан. Сонгуулийн бэлтгэл ажлыг өнөөдрийг хүртэл манай нам сайтар хангаж ажилласан. Хэрэв сонгууль болох хэвээр байсан бол Хэнтийн нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэл хангагдсан байсан.

Үндсэн хуулийн цэц агуулга биш тоо хөөсөн шийдвэр гаргасан гэж бид үзэж байна.  МАН Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэд "150 хоногийн өмнө зарлах ёстой сонгуулийг 148 хоногийн өмнө зарласан байна гэсэн үндэслээр, дээрээс нь улс төрийн намуудад сонгуульд оролцох эрхийг бүрэн олгоогүй гэх үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнд МАН харамсаж байна. Өнөө өглөө АН-ын дарга С.Эрдэнэ эрх баригч МАН-ын захиалгаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан гэж хэвлэлд мэдээлэл өгсөн. Үүнд МАН-ын нийт гишүүдийн өмнөөс харамсаж байна. Харин эсрэгээрээ энэ сонгуулийг явуулахгүй байх бодлогыг АН-ын дарга С.Эрдэнэ барьж байсан. АН энэ сонгуульд ялагдвал С.Эрдэнэ даргын рейтинг унана. Манай намын рейтинг өндөр байсан тул ялагдахаас айсандаа сонгууль явуулахгүй байх ажлыг АН зохион байгуулсан" гэдгийг хэллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.