Ливан улсын нийслэл Бэйрутд өнгөрөгч Мягмар гарагт хүчтэй дэлбэрэлт болсон. Үйл явдлыг тодруулбал, агуулахад гал гарч, бичил хэмжээний тэсрэлт үүссэн ч төдөлгүй маш их утаа бүхий асар хүчтэй дэлбэрэлт болжээ. Ливан улсын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр нийт 73 хүн амь үрэгдэж, 2750 гаруй хүн шархадсан байна. Мөн маш олон барилга, орон сууц, тээврийн хэрэгсэл сүйджээ.

Тэгвэл асар хүчтэй дэлбэрэлт болоход боомтын ойролцоо хадгалагдаж байсан аммонийн нитрат буюу давснаас гаргаж авдаг нитрийн хүчил нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэхүү бодис нь хиймэл бордооны найрлаганд түлхүү ордог. Маш чухал шим тэжээлийн бодисын хувьд аммониа болон аммонийн давснууд нь ургамлын өсөлтийг маш ихээр дэмждэг. Мөн дэлбэлэгч бодис бүтээхэд ч хэрэглэгддэг юм. Аммонийн нитрат нь исэлдэх чадвартай бөгөөд халсан тохиолдолд тэсэрдэг. Бордооны хувьд ч найрлагад нь тодорхой хувиас илүү ордоггүй гэнэ.

Уг химийн бодисыг чанд хадгалж, шатахуун болон халах үүсвэрүүдээс хол хадгалах ёстой байдаг. Мөн Еропын холбооны ихэнх улсад аммонийн нитратыг лаймтай хольж хадгалдаг нь эрсдлийг багасгадаг аж.

Энэхүү үнэргүй давс нь өнгөрөгч арвануудад хэд хэдэн тэсрэлт бүхий осол, дайралтуудад ашиглагдаж байжээ. Хамгийн ноцтой нь гэвэл 1921 онд Людвигшафэнд болсон дэлбэрэлт бөгөөд 560 хүн амь үрэгдсэн юм. 1974 онд тус давсыг тээвэрлэж явсан 2 завь дэлбэрч 500 хүн амь үрэгдсэн. Мөн Тоулоуст болсон ослын улмаас 2001 онд 31 хүн, Хойд Солонгост 2004 онд 150 хүн, Хятадын Тьянжин хотод 173 хүн удаа дараагийн дэлбэрэлтэд тус тус амь үрэгджээ. 

Getty Images

Ливаны удирдлагуудын хэлж буйгаар Бэйрутад нийт 2750 тонн аммонийн нитрат дэлбэрсэн гэнэ. Энэ нь 2013 онд эвдрэлийн улмаас явахыг нь хориглосон ачааны хөлөг онгоцноос улбаатай байж магадгүй юм. Тус хөлөг онгоц Гүржээс Өмнөд Африкийн Мозамбик рүү явж байжээ. Хөлгийн баг түлш, хангамжаа дууссанаар хөлгийн эзэн онгоцоо орхисон ч тэд хуулийн маргаан шийдвэрлэгдсэний дараа явах эрхтэй болжээ. Тэгээд л аюултай ачаатай онгоц агуулахад үлдсэн байна.

Getty Images

Мөн тэсрэмтгий шинжээс нь хамааран аммонийн нитрат нь хэд хэдэн дайралтад ч ашиглагдаж байжээ. Жишээлбэл АНУ-ын Оклахома хот дахь Муррахын Засгийн газрын байгууламжид болсон 1995 оны дайралт 168 хүний амийг авч байв.

Түүнчлэн тэсрэх шинжээс нь гадна аммонийн нитратыг бордоонд ашиглах нь байгаль орчинд үзүүлэх нөлөөнөөсөө хамааран маргаан дагуулдаг юм. Энэ нь эрүүл мэндэд хортой бодист тооцогддог ба агаарт нарийн ширхэг бүхий тоосонцор хэлбэрээр хэдэн өдөр байдаг аж. Мөн аммонийн нитраттай бордоог ашигласнаар хүлэмжийн хий ч нитрийн оксидтой ялгардаг. Тиймээс уг төрлийн бордоо их хэмжээгээр хэрэглэгдвэл ургамлууд шим тэжээлээ авч чадахгүй бөгөөд газар доорх усыг нитрийн бохирдолтой болгох аюултай гэнэ.


Эх сурвалж: ZDF