АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөрхөн Бэйрутад болсон эмгэнэлт хэргийн талаар "санаатай хэрэг байж болзошгүй" гэж байсан.  Тэгвэл сүүлийн мэдэгдэлдээ тэрээр өөрийн үгийг няцаан санамсаргүй явдал ч байж болох юм хэмээжээ. Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ тэр "Энэ бүхэн санаатай ч байж болно эсвэл санамсаргүй осол ч байж болно. Яг одоо бол хэн ч юу ч мэдэхгүй байна" гэжээ. 

Хүмүүс түүний энэ бодол генералуудаас нь улбаатай байж магадгүй гэж байсан ч АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичиг Марк Эспер түүний мэдэгдэлтэй санал зөрсөн юм. Тэрээр нэгэн онлайн хэлэлцүүлгийн үеэр дэлбэрэлтийн тухайд "Би юу болсон талаар дуулсан. Ихэнх хүн үүнийг осол байсан гэж бодож байгаа" гэсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалахын яамны ахлах офицер, Тагнуулын албаныхан ч одоогийн байдлаас харахад дэлбэрэлтийн шалтгаан нь буруу хадгалсан шатамхай бодисоос улбаатай гэж үзэж буйгаа хэлжээ. Мөн Пентагоны удирдлагын зүгээс Батлан хамгаалахын яамныхан Ерөнхийлөгч Трамп юунаас болж тэгж дүгнэх болсныг огт мэдэхгүй гэжээ.

Ливан улсын удирдлагуудын сүүлийн мэдэгдлээр Бэйрут боомтод болсон 2 дэлбэрэлтэд 113 хүн амь үрэгдэж, 4 мянга гаруй хүн бэртсэн байна. Тус улсын Засгийн газар үүнийг олон жилийн турш хадгалалтын горим баримтлалгүйгээр хадгалсан 2750 тонн аммонийн нитрат дэлбэрсэн гэж үзжээ. Тус бодис яагаад дэлбэрэх болсон шалтгаан нь одоогоор тогтоогдоогүй байна. 

Аммонийн нитрат гэж юу болох талаар ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: WELT