УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг шаардаад буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар өчигдөр Иргэний нийгмийн зарим байгууллагын төлөөлөлтэй хамтран Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Тэд энэ сарын 10-нд М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас огцрохыг шаардсан тайван жагсаалыг улс орон даяар зохион байгуулахаа мэдэгдлээ. Өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд төв талбайд тус асуудлын дагуу 2500 гаруй иргэн жагсаж, дуу хоолойгоо хүргэсэн юм.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Нэгдүгээр сарын 10-нд хийх том жагсаал цуглааны гол зорилго нь юу байх вэ гэхээр, МАНАН бүлэглэлийг гол төлөөлөл болсон УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлэх юм. Үүнийг өнгөрсөн 8 дугаар сараас хойш шаардсан. Ард түмний хүлээж, хүсэж байгаа шийдвэрийг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аар гаргуулах замыг нээж өг гэж шаардаж байгаа. Гэвч УИХ-ын дарга бул хар чулуу шиг суусаар байна. Ард түмнийг тохуурхаж байна. Төв талбай дүүрэх шахуу хүн цуглаж байхад өвлийн хувцастай олон харагдлаа гэж доромжилжилсан. Гэхдээ эдгээр хүмүүс энэ сарын 10-нд дахиж ирнэ. Талбайг дүүргэнэ. 

Энэ удаа бид талбай дээрээс тараад явахгүй. Бид цуглана. Жагсаалд нэгдэж буй 100 гаруй төрийн байгууллага эхний ээлжид 100 гаруй гэр барьж, улс төрийн суулт хийнэ. Одоо шаардлагаа ялалтад хүртэл тэмцэнэ. 

Өнөөдөр 200 гаруй хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ бидэнд өгсөн. УИХ-ын гишүүд бид өөрсдөө ч хамт өлсөнө. 

Гэхдээ энэ удаад өлсгөлөн зарлах хурц хэлбэр лүү орохгүй. Үймээн самуун, замбараагүй байдал үүсэх нөхцөл байдлыг гаргуулахгүй, эрсдэл учрахгүй байх талаар хууль, хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллана. 

...12 дугаар сарын 27-нд тайван жагсаж, ард түмнээрээ нэгдэж чаддаг, нэг зорилго, ард түмнийхээ ирээдүйн төлөө хүсэл зорилгоо илэрхийлж чадлаа гэж өнөөдөр Монголчууд биднийг дэлхийн бүх хэвлэл магтсан. 1990 онд мөн яг ингэж дэлхий дахинд магтуулсан. Яагаад гэхээр Монголчууд бид үнэхээр ойлголцож, зөвшилцөж чаддаг юм байна гэдгээ энэ үеэр харуулсан. Одоо нэгдүгээр сарын 10-нд дахин харуулна. Үр дүн нь аль болох хурдан гарч, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гарах байх гэж найдаж байна. Жагсаалд оюутан залуус иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээлээ.