Peak.mn
03 сарын 04, 2026
Өнөөдөр (2026.03.04) БНСУ-д сургууль төгсөгчдийн холбооны хүсэлтээр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Комиссын холбогдох албан хаагчдын хамтаар тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, БНСУ-аас Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд тулгамдаж буй асуудлууд, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, хөдөлмөрлөх эрхийн баталгаа, хүүхэд хамгааллын асуудал, мөн БНСУ-д зорчих виз мэдүүлэх үйл явцыг хөнгөвчлөх талаар судлах, чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.

Уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс хоёр орны хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгийг 2025 онд байгуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисстой гомдол, маргаан шийдвэрлэх, туршлага солилцох чиглэлээр тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж байна” гэв.

Солонгост төгсөгчдийн холбооны тэргүүн С.Бат-Эрдэнэ гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд олон талын сорилт, эрсдэлтэй тулгарч байгааг дурдан, эдгээр асуудлыг хүний эрхэд суурилсан, урьдчилан сэргийлэх, хамгаалах, дэмжих цогц хандлагаар шийдвэрлэхэд хамтран ажиллах, ажлын хэсэг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.