Хотын дарга Нийслэлд малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулдаг захуудыг цэгцлэх, “Хүчит шонхор” захыг хаах ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг үүрэг болгов. 

Нийслэлийнхээ хойморт малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулаад сууж болохгүй. Бид хэдий болтол иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьж суух вэ. Цаашид Улаанбаатар хотын хоёр захад мал, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах орчин үеийн стандартын шаардлага хангасан зах байгуулах болно гэж тэрээр мэдээллээ. Үйлдвэрийн бус аргаар боловсруулсан махыг цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн зэрэг байгууллагад нийлүүлэхгүй байх, улмаар 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг боловсрол, эрүүл мэндийн байгууллага, нийтийн хоолны газар нийлүүлэхийг хориглох аж. 

Түүнчлэн аймгуудаас Улаанбаатар хотод нэвтэрдэг албан бус буюу хулгайн замыг хаах, байнгын эргүүл, пост ажиллуулах санал боловсруулах, энэ оны наймдугаар сарын 1-н гэхэд орчин үеийн стандартын шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулахыг мөн үүрэг болгов.