Хүүхэд, багачуудын хүсэн хүлээсэн 9-р сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил ийн эхэлж байна. Энэ өдөр улсын хэмжээнд 73 мянга 500 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа аж. Төрийн болон хувийн 798 ерөнхий боловсролын сургуульд 575 мянга гаруй хүүхэд суралцана. Өнөө жил төсвийн хөрөнгөөр 17 сургууль, концессын гэрээгээр дөрвөн сургууль ашиглалтад орлоо. Сургуулийн хүчин чадал 11 мянга 940 суудлаар нэмэгдэж байгаа юм. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах багачуудын тоо өмнөх оныхоос 9300 гаруйгаар нэмэгдээд буйг салбарын яамнаас мэдээлэв. Нийтдээ 1422 цэцэрлэгт 253 мянган хүүхэд суралцах юм байна. Улсын хэмжээнд шинээр 20 цэцэрлэг ашиглалтад оржээ.

Дээд боловсролын сургалтын тухайд 96 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцах юм байна. Есдүгээр сарын 1-ний өдөр баасан гаригт тохиож байгаа. Тиймээс их дээд сургуулиудын ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 4-нд нэгдсэн журмаар нээлтээ хийнэ. Харин цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.