ОХУ-ын Приморийн хязгаарын Находка хотоос холгүй “халимны шорон” гэгдэх газар хоригдож буй алуурчин халим болон цагаан халимнуудыг тавьж явуулахыг Холливудын алдарт жүжигчин, байгаль орчныг хамгаалагч Леонардо Ди Каприо дэмжсэн байна. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн тухайгаа тэрбээр “Твиттер” болон “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Доорх өргөдөлд гарын үсэг зурж, халимнуудыг барьж хорихыг эсэргүүцэхэд нэгдэнэ үү” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Тус өргөдөлд одоогоор 900 мянга орчим гарын үсэг цуглараад байгаа аж.

Хууль бус худалдаа хийх зорилгоор өнгөрсөн онд Охотын тэнгист 12 алуурчин халим, 90 цагаан халимыг барьжээ. Амьтдыг Приморийн хязгаарт хорих нь аюултай гэж үзэж байгаагаа амьтан хамгаалагчид нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд тус газрыг “халимны шорон” гэж нэрлэсэн юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости