Саруулын Ариунжаргал
04 сарын 04, 2019
СТОКГОЛЬМ. /TASS/. Шведийн урлаг, соёлын алдартнууд Израилийн Тель-Авив хотод болох “Евровидение-2019” олон улсын дууны уралдаанд оролцохгүй байхыг уриалжээ. Дуучин, жүжигчин, соёлын зүтгэлтэн бүхий Шведийн 170 гаруй алдартан Израилийн эрх баригчдын бодлоготой холбоотойгоор ийм уриалга гаргасан байна.
Идэвхтнүүд Израилийг апартеид бодлого явуулж, палестинчуудын үндсэн эрхийг зөрчиж байгаа явдалд буруутгаж, Израилтай соёлын солилцоо явуулах үйл хэрэгт оролцохоос татгалзахыг санал болгосон байна.
Уриалгад гарын үсэг зурсан хүмүүсийн дунд кино жүжигчин Свен Вольтер, дуучин Юаким Тострём, Стефан Сундстрём, Лав Антелл нар багтжээ.
2018 оны 5 дугаар сарын 13-нд Лиссабонд болсон “Евровидение” дууны уралдаанд Израилийн дуучин Нетта Барзилай түрүүлсэн юм. Тэмцээний дүрмийн дагуу “Евровидение-2019” Израилийн Тель-Авив хотод ирэх сарын 14-нөөс 18-нд болох юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.