Монгол-Хятадын хоорондын агаарын хил хаагдаад 26 сар болж байна. Манай улсын зүгээс хоёр улсын хоорондын агаарын харилцааг нээх, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст ирэх зургаадугаар сарын 1-ээс хоёр улсын агаарын хил нээгдэхээр боллоо.  

Эхний ээлжинд хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт 1 удаа нислэг үйлдэх юм. Хятадын талаас Air China компанид зөвшөөрөл олгох аж. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд 2 долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтой болох юм байна.

Тодруулбал, Гуанжоу, Хөх хот зэрэг улс руу зорчих боломжтой болж байгаа ба МИАТ ТӨХК-ийг Улаанбаатар- Гуанжоу, Аэромонголиа ХХК-ийг Улаанбаатар-Хөххот чиглэлд, Хүннү Эйр ХХК-ийг Хайлаар, Манжуур чиглэлд сард 1 удаа нислэг үйлдэх боломжит нөхцлийг бүрдүүлсэн байна.

Засгийн газрын өнөөдрийн хурлаар дээрх асуудалтай холбогдуулан, ирэх есдүгээр сард багтаан Хятадад суралцдаг оюутнуудаа хил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны сайд, БШУ-ны сайд нарт  үүрэг болгожээ.