Хятадад нэгэн залуу Apple-ийн гар утас болон таблет худалдаж авахын тулд хар зах дээр бөөрөө худалдсаны улмаас бөөрний дутагдалд орсон тухай Daily Mail сонинд мэдээлжээ.

Уг залуу 2011 онд 17 настай байхдаа iPhone болон iPad худалдаж авахаар шийджээ. Эцэг эхэд нь ийм үнэтэй бэлэг авч өгөх мөнгө байхгүй байсан учраас тэрбээр эд эрхтэний наймаачдыг интернэтээс хайжээ. Тэд хэрэв эрхтэн шилжүүлэн суулгахад зориулж нэг бөөрөө өгвөл их хэмжээний мөнгө өгнө гэж амласан байна.

Мөн оныхоо дөрөвдүгээр сард залуу эцэг эхээсээ нууцаар өөр мужид очиж нэг бөөрөө өгсөн байна. Бөөрийг нь авсан өвчтөн 10 мянган ам.доллар буюу 150 мянган юань төлжээ. Залуу үүний 10 хувийг авч, тэр даруйдаа iPhone 4 болон iPad 2 худалдаж авчээ.

Удалгүй залуугийн эрүүл мэнд муудаж, бөөрний дутагдалд орж эхэлсний дараа цорын ганц бөөр нь ажиллагаагүй болсон байна. Залуу диализийн эмчилгээ хийлгэхийн тулд бүтэн өдрийн турш орондоо хэвтэхээс аргагүйд хүрчээ. Долоон жилийн дараа мэс засал хийлгэснээсээ хойш тэрбээр төрөөс олгодог халамжийн мөнгөөр амь зууж байгаа бөгөөд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж, байнгын асаргаанд оржээ.

Хятадын хууль сахиулах байгууллагынхан хориотой мэс заслыг зохион байгуулсан гурван зуучлагч, залуугийн бөөрийг авахад оролцсон хоёр эмчийг эрэн сурвалжилж баривчилсан байна. Зуучлагчдад 3-5 жил, эмч нарт 3 жил хорих ял оноожээ. Хохирогчийн гэр бүлд 1.47 сая юанийн нөхөн төлбөр олгосон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Lenta