НЬЮ-ЙОРК. /Fox News/. Их Британийн супер тагнуулч Жеймс Бонд кинонд гардаг шиг газар уснаа явагч автомашин бүтээхэд бэлэн байгаагаа “Tesla” компанийн тэргүүн Илон Маск мэдэгджээ. Маунтин-Вью хотод болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

Хэзээ нэгэн цагт уснаа явагч автомашин бүтээхээр төлөвлөж байгаа эсэхийг нь арга хэмжээнд оролцогчдын нэг И.Маскаас асуухад “тагнуулчийн тухай миний дуртай кинонд гардаг шиг шумбагч машин бүтээхэд бэлэн байгаа” хэмээн тэрбээр хариулсан байна. Тус кинонд гардаг машиныг И.Маск 2013 онд дуудлага худалдаагаар худалдан авч байсан хэдий ч бодит байдал дээр тус машин нь усан дор явж чаддаггүй байна. 

“Техникийн хувьд боломжтой зүйл хэдий ч ийм машин бүтээх нь багагүй хүчин чармайлт шаардана” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг