“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөхтэй холбоотой Канадын эрх баригчдын шийдвэрийг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

“Канадын Хууль зүйн яам Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх үйл явцыг эхлүүлэх шийдвэр гаргасанд Хятадын тал сэтгэл дундуур байгаа бөгөөд эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан бид Канадад ноцтой мэдэгдэл хийлээ” гэж тус яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.

Мэдэгдэлд мөн энэ асуудлаарх Бээжингийн байр суурь “тодорхой бөгөөд өөрчлөгдөхгүй” гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Huawei” компанийн санхүү хариуцсан захиралд үүсгэсэн хэрэг иргэний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа бөгөөд улс төрийн шалтгаантай гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.

“Мэн Ваньжоуг суллаж, түүнд нутагтаа буцах боломж олгохыг бид Канадын эрх баригчдаас шаардаж байна” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захиралтай холбоотой дуулиан шуугиан

Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх тухай АНУ-ын хүсэлтийг Оттава хэлэлцэж байна гэж Канадын Хууль зүйн яам баасан гарагт мэдэгдсэн байна. Энэ хэргийг шүүх хурал Ванкувер хот дахь Их Британийн Колумби мужийн Дээд шүүхэд гуравдугаар сарын 6-ны өдөр орон нутгийн цагаар 10 цагт эхлэх ёстой гэж тус яам мэдээлжээ.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг Канадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд Ванкуверийн нисэх онгоцны буудалд баривчилсан билээ. Түүнийг АНУ-ын Нью-Йорк хотын Дорнод тойргийн прокурорын газраас шилжүүлэн өгөх тухай тусгай хүсэлт гаргасны дагуу баривчилжээ. Мэн Ваньжоуг Ираны эсрэг авсан АНУ-ын худалдааны хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгасан байна. Канадын шүүх түүнийг 12 дугаар сарын 11-нд 10 сая канад долларын /7 сая ам.доллар/ барьцаагаар суллаж, Америкийн талд шилжүүлэн өгөх хүртэл Ванкувер дахь гэртээ нөхрийн хамт оршин суухыг зөвшөөрсөн юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг