Аливаа улсын хөгжлийн гол үзүүлэлт бол эдийн засгийн чадавх байдагтай адил хотын өөрийн эдийн засгийн чадавх, бие даасан байдал нь тухайн хотын хөгжилд чухал үүрэгтэй байдаг. 

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Улаанбаатар хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг. Төсвийн орлогыг бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд газар зохион байгуулалтын арга хэмжээний нэг чухал хэсэг нь тус албанаас зохион байгуулдаг газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын ажил юм.

Жил бүр нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж, ашиглуулах газрын байршлыг тодорхойлон тусгахдаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан төлөвлөдөг.

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу 2003 оноос явуулж эхэлсэн бөгөөд 2018 оноос газрын цахим бирж буюу www.mle.mn цахим хуудсаар дамжуулан зохион байгуулж байгаа юм.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион явуулах нь олон нийтэд нээлттэй, ил тод, шударга, хурдан шуурхай, заавал биечлэн очих шаардлагагүй, хаанаас ч оролцох боломжтой зэрэг давуу тал ихтэй. Иргэн газар авахыг зорьсон, шаардлага хангасан л бол дуудлага худалдаанд оролцох  боломж нээлттэй. 

Энэ жилийн хувьд нийслэлийн засаг даргын 2022 оны A/28 дугаар захирамжийн дагуу нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 94 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн.

Эдгээр газарт 2022 оны эхний хагас жилдээ багтаж 5 удаагийн дуудлага худалдаа явуулах юм. Өмнөх 2 удаагийн дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 1 тэрбум 316,1 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон юм.

Гурав дахь дахь ээлжийн дуудлага худалдаа 04 дүгээр сарын 27-ны өдөр болно.  Энэ удаа мөн архитектур төлөвлөлтийн даалгавартай  18 байршилд 46.35 га газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор, мод үржүүлгийн газар, амины орон сууц, худалдаа нийтийн үйлчилгээний төв цогцолбор зэрэг 9 зориулалтаар санал болгож байгаа юм.