“Google” компанийн ажилтнууд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан тус компанийн ахлах менежерүүдэд чиглэсэн бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийжээ. Энэ тухай телевизийн “CNN” суваг мэдээлэв.

Тус сувгийн мэдээлснээр, жагсаалд цуглаанд оролцогчид бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан удирдах албан тушаал эрхэлдэг этгээдүүдэд чиглэдэг компанийн бодлогыг өөрчлөхийг шаарджээ. Жагсаал цуглаанд оролцогчид зохисгүй үйлдэл гарсан тохиолдлуудын мөрдөн шалгалтын үр дүнгийн талаархи тайланг үзүүлэхийг дэмжихийн сацуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг цуцлахыг дэмжжээ. “Google” компанийн ерөнхий захирал Сундар Пичаи жагсаал цуглаанд оролцогчдыг дэмжиж байгаагаа илэрхийлж, бүх саналыг авч хэлэлцэхээ амласан байна.

“Google Walkout” нэртэй жагсаал цуглаануудадGoogleкомпанийн Энэтхэг, Сингапур, Япон дахь салбарын ажилтнууд болон Лондон, Берлин, Цюрих хотууд дахь салбарын ажилтнууд оролцжээ. "Google" компанийн дэлхийн даяарх 20 төлөөлөгч компанийн 1500 гаруй ажилтан тус цуглаанд нэгдэх төлөвтэй байгаа аж.

“Google X” судалгаа шинжилгээний лабораторын дарга Ричард Де Ваултус хэлтэст инженерээр орохыг хүссэн эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдсаныхаа дараа компанийг орхисон нь өнгөрсөн 10 дугаар сарын 31-нд тодорхой болсон юм. Түүнчлэн “Android” үйлдлийн системийг зохион бүтээгч Энди Рубин, компанийн ахлах дэд ерөнхийлөгч Амит Сингхал нарыг иймэрхүү хэрэгт холбогдуулан буруутгаж байжээ.

Мөрдөн шалгалтын явцад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан Рубин болон Сингхал нар 2014 болон 2016 онд тус бүр компаниасаа гарч байсан бөгөөд компанийн дүрмийг зөрчиж тэдэнд 90 сая ам.долларын нөхөн олговор өгч байсныг “The New York Times” сонины сэтгүүлчид илрүүлжээ. Энэ талаархи мэдээлэл нийтлэгдсэний дараа хоёр жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсан хэргээр 48 ажилтан халагдаж байсны 13 нь ахлах менежер байсан гэж Google компанийн ерөнхий захирал Сундар Пичаи мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр бэлгийн дарамт учруулсан хэрэгтэй холбоотойгоор халагдсан ажилтнуудын хэн нь ч нөхөн олговор аваагүй хэмээн мэдэгдсэн аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС