Олон улсын шүүмжлэлд өртөж байгаа хэдий ч Шариа исламын хууль тогтоомжоор Индонезийн Суматра арлын Ачех бүс нутагт олон зүйлийг хориглодог. Тухайлбал, мөрийтэй тоглоом тоглох, архи согтууруулах ундаа уух, ижил хүйстэн эсвэл гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд орох зэргийг гэмт хэрэгт тооцдог нь олон нийтийн анхаарлыг татдаг.

Ачех бол шашин шүтлэгийн хуулийг мөрддөг дэлхийн хамгийн том мусульман шашинтнуудын Индонез дахь цорын ганц бүс нутаг юм.

Өнгөрсөн пүрэв гарагт 22 настай эр гэрлэлтийн өмнө бэлгийн харилцаанд орсон хэргээр олон нийтийн өмнө 100 удаа модон саваагаар ташуурдуулах ял авчээ.

Тэрээр зодуурын улмаас ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгийн тусламж үзүүлсний дараа зодуурыг үргэлжлүүлсэн байна. Дараа нь түүнийг хоёр хамгаалагч тайзан дээрээс авч яван эмчилгээ хийлгэхээр ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Түүнтэй бэлгийн харилцаанд орсон эмэгтэйг мөн адил шийтгэсэн аж.

Аравдугаар сард тус хуулиар ховордож буй амьтдад заналхийлсэн хулгайн анчдад мөн 100 удаа саваагаар ташуурдах ял оноохоор болсон байна.

Хүний эрхийг хамгаалах нийгэмлэгүүд уг үйлдлийг зохисгүй, харгис үйлдэл хэмээн Индонезийн ерөнхийлөгч Жоко Видогоос зогсоохыг хүсч, уриалга гаргажээ.

Дашрамд хэлэхэд, Индонез улсад амьдардаг 255 сая хүн амын 90 гаруй хувь нь өөрсдийгөө лалын шашинтай хэмээн тодорхойлдог боловч дийлэнх нь итгэлийн дунд хэлбэртэй байдаг. Сүүлийн үед харгис хэрцгий, олон нийтийн өмнө зодох явдал ихэсч, шийтгэл эдэлж буй хүмүүс тайзан дээр ухаан алдах нь цөөнгүй тохиолддог хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/