Ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн Японы гал тэргүүдэд иртэй мэс буюу хутга, хайч зэргийг ил авч явахыг хориглох талаар тус улсын Тээврийн яамнаас мэдээлэв.

Өнгөрсөн зургадугаар сард Токиогоос холгүй явж байсан хурдан галт тэргэнд хутга барьсан 22 настай эрэгтэй нэг хүний аминд хүрч, хоёр хүнийг шархадуулсан халдлагаас үүдэн тус яамнаас энэхүү шийдвэрийг гаргажээ.

Шинэчилсэн журмын дагуу зургаагаас дээш сантиметр урт бүхий иртэй мэсийг хуванцар юм уу арьсан үүрэнд хийх эсвэл картон цаасаар бүрэх шаардлагатай болох аж. Харин шинээр худалдаж авсан хутгыг баглаа боодлыг нь задлахгүйгээр авч явах ёстой ажээ.

Зорчигчдын цүнхийг шалгахгүй боловч ёс бус үйлдэл гаргасан этгээдийг галт тэрэгнээс буулгах юм байна. Тус улсын хуулинд тэсрэх бодис болон шатамхай зүйлийг гал тэргэнд авч явахыг хэдийнэ хориглосон байдаг байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK