Дарьгангын уран дархан, урчуудын бүтээсэн мөнгөн эдлэлийн “Нандин өв” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдээд байна.

Үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалж буй Дарьганга хийцийн мөнгөн урлалын сор болсон чамин нарийн ур хийц бүхий мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдийн 10 гаруй эд эдлэлээс бүрдсэн үзмэрийг дэлгэжээ.

Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм. Манжийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон түүхтэй.

Дарьганга эхнэрийн гоёл чимэглэл зүүлтэнд нийтдээ 100 орчим том, жижиг шүрэн шигтгээ оруулан цэвэр мөнгөөр дан, давхар нарийн утсаар хослуулж, зарим тодотгох хэлбэр дүрсээ алтаар шарж урладаг онцгой нарийн ур ухаан шаарддаг цогц урлал ажээ.