НЬЮ-ЙОРК. /TASS/. Сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхөд “Facebook” нийгмийн сүлжээг ашиглаж болох эсэх зэрэг хэд хэдэн асуудлыг судлахаар төлөвлөж байгаа эрдэмтдэд нууц мэдээллүүдэд нэвтрэх боломжийг анх удаа олгохоор болсон байна. Энэ тухай “Facebook” компанийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

“Дээрх санаачилга нь нийгмийн сүлжээ нь сонгууль, ардчилалд хэрхэн нөлөөлж буйг олон нийтэд тайлбарлахад тусална. Мөн санал болгож буй бүтээгдэхүүнүүдийг сайжруулахад “Facebook” болон бусад компаниудад тус дөхөм болно” гэж мэдээлэлд дурдсан байна. Нууц мэдээллүүдэд 11 улсын судалгааны 30 байгууллагын 60 эрдэмтэн нэвтрэх аж.

Судлаачид нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн зан байдлыг хянадаг “CrowdTangle” платформтой танилцах боломжтой. Түүнчлэн эрдэмтэд АНУ, Их Британи, Бразил, Энэтхэг, Украин болон Европын Холбооны улсууд дахь хэрэглэгчдийн “Facebook”-т нийтэлсэн  улс төрийн зар сурталчилгаануудтай холбоотой мэдээллүүдийг судална.

“Facebook” компани нууц мэдээллүүддээ нэвтрүүлэхийн өмнө олж авсан мэдээллүүдийг ашиглах, боловсруулах журмын талаарх тусгай сургалтад судлаачдыг зургадугаар сард хамруулах аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг