Суурин төлөөлөгчөөр зургаан жил ажиллахдаа Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын хөгжил, эмэгтэйчүүд, охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг нь сайжруулахад бодит дэмжлэг болж байгааг хэлэв.

Эмэгтэйчүүд, өсвөр насныхныг байнга дэмжиж ажилладагт нь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, өсвөр залуу үеийг чадавхжуулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр амжилт олж байгааг тэмдэглэв. Цаашид Хүн амын сантай нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.