Онолбаатарын Анужин
09 сарын 22, 2026
Нийслэлийн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, шав тавилаа.
Энэ цахилгаан станц, цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрлэлийг найдвартай эрчим хүч, дулаан, бохир усны зохистой менежментээр хангах инженерийн дэд бүтцийн нэг хэсэг болно. Цэвэрлэх байгууламж байгуулснаар үйлдвэрлэлийн бохир усыг технологийн дагуу цэвэршүүлэх, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана.
НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлснээр, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлснээр 5600 гаруй ажлын байр шинээр бий болж, 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой. Хөрөнгө оруулалтыг 6-7 жилд нөхөх боломжтой гэж тооцжээ. Жилд 7.5 сая ширхэг арьс шир боловсруулан, 3 мянган тн ноос, 5.8 мянган тн ноолуур, 25 мянган тн мах, 8 мянган тн дайвар түүхий эдийг боловсруулах боломжтой. Олон улсын стандартын шаардлага хангасан дэвшилтэт технологитой, мал аж ахуйн байгальд ээлтэй кластер үйлдвэрлэл болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Төслийг хөгжүүлснээр үйлдвэрлэлийн төвлөрлийг зохистой байршилд шилжүүлэх, одоо байгаа үйлдвэрийн бүсийн бохирдсон хөрсийг нөхөн сэргээх, дахин төлөвлөх боломж бүрдэнэ. Харгиа орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлтэд төвлөрүүлснээр Хан-Уул дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжрах юм.
Тус паркийн хөгжлийг эрчимжүүлж, шаардлагатай инженерийн дэд бүтцийг үе шаттай шийдэх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд анхаарахаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцлоод, бүтээн байгуулалтыг баталсан зураг төсөл, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг ханган, төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухлыг тодотголоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.