Нийслэлийн болон Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ, ДИТХ) сонгууль энэ сарын 15-нд болох гэж байна. Эдгээр байгууллагууд нь хэчнээн чухал болохыг би өмнө нь мэддэггүй байсандаа, мөн эргэн тойрны олон хүн мэддэггүй хэвээр байгаад харамсдаг. Бид бүхний амьдарч байгаа орчны асуудлыг шийддэг анхан шатны байгууллага бол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажээ. Энэ нэгж яг юу хийдгийг вэбсайтаас нь харах гэтэл хэдэн онд байгуулагдсан, даргын мэндчилгээ гэх зэрэг иргэн надад шаардлагатай мэдээлэл хомс юм байна лээ. 


Тэгэхээр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ДИТХ/ яг юу хийдэг вэ?

ДИТХ нь нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэн, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын бүх асуудлыг бие даан зохион байгуулдаг нэгж юм. Хороо, дүүрэг, нийслэлийн асуудлуудыг иргэд нийтээр хуралдан шийдвэрлэх боломжгүй байдаг тул иргэд сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан засаглалын үйл ажиллагаанд оролцохын тулд төлөөлүүлдэг байгууллага билээ. 

Төлөөлөгчид ДИТХ-ын хуралдааны дарга, хурлын тэргүүлэгчдийг сонгож, дүүргийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад уламжилдаг. Цаашлаад, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаж, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгч байдаг. 

ДИТХ нь эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэдэг бөгөөд заримаас нь дурдвал: 

✔ Нийслэлийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд санал өгөн дүүргийн төсвийг хэлэлцэж батладаг;

✔ Тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоодог;

✔ Нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийг батладаг;

✔ Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэдэг; 

✔ Тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлдэг;

✔ Орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэн, орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулдаг.

Мөн иргэдтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, дүүргийн Хурал болон Засаг даргад санал оруулдаг бөгөөд заримаас нь дурдвал: 

✔Өрхийг албан татвар, бусад ногдол үүргээс түр чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлдэг;

✔ Баг, хорооны иргэдийг шагнаж урамшуулах, дэмжлэг, тусламж үзүүлэх саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад уламжилдаг;

✔Харьяалах баг, хорооны иргэний үндсэн ба журамт үүргийн биелэлтийг хангуулдаг;

✔ Иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжилдаг. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь таны амьдралд шууд хамааралтай олон шийдвэрүүдийг гаргадаг тул та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, цаашид үйл ажиллагаанд нь хяналт тавьж байхыг хүсье.