11 дүгээр сарын сүүлээр Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулах “Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп даваа гарагт мэдэгдэв.

Д.Трамп, В.Путин нар энэ сарын 11-нд Парис хотноо болох “Дэлхийн нэгдүгээр дайн” дуусгавар болсны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байсан билээ.

Харин Д.Трамп даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, тэрбээр Парист хоёр талын уулзалт хийх талаар итгэлгүй байгаа бөгөөд үүний оронд энэ сарын 30-нд эхлэх “Их-20”-ийн уулзалтын үеэр уулзахыг санал болгосон аж.

Тэдний хамгийн сүүлийн хоёр талын уулзалт өнгөрсөн долдугаар сард Хельсинки хотноо болсон юм. Хоёр улсын удирдагчид удахгүй болох уулзалтын үеэр зэвсгийн хяналтад гол анхаарлаа хандуулах ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK