Бидний ажлын хуваарийг хянах гол хэрэгсэл бол өглөө гэж “Yourstory”-д онцолжээ. Өглөөг маш ухаалгаар ашиглаж чадвал амжилттай, үр бүтээлтэй амьдарч  болно гэдгийг баталсан түүх өчнөөн..

Манай дэлхийн амжилт гаргасан хүмүүс цаг хугацаа ямар чухал болохыг ойлгосон байдаг.

Энэ л шалтгаанаар тэд эртлэн босдог. Ажил эхлэхээс өмнө цэгцэлж завдаагүй бүхнээ амжуулахын тулд хэдэн цагийн өмнө эртлэн босч, олон зүйлийг амжуулдаг эрхмүүдийг жагсаавал багагүй урт жагсаалт гарна. 

20 орны удирдагчид болон корпорацийн эздийн 90 хувь нь өглөө зургаан цагаас өмнө босдог аж. 

Тэд ажилдаа явахынхаа өмнө юу амжуулдгийг сонирхъё. 


Жэк Ма, “Алибаба” группийг үндэслэгч

Тэр “Бид ажиллах бус амьдралаас таашаал авах гэж энэ хорвоод төрдөг. Хэрэв та бүх насаараа ажиллаж өнгөрөөвөл хожим үүндээ харамсах болно” гэж хэлэх дуртай.  Жэк Магийн амьдралын хэв маягийн гол үндэс нь энэ л дээ. Тиймээс тэрээр өглөө 6-7 цагийн хооронд босч, амьдралаас таашаал авахын тулд хором бүрийгүр дүнтэй өнгөрөөхийг хичээдэг. Босонгуутаа хагас цаг орчим ажиллаад ажлын өмнөх үлдсэн цагаа  гэр бүлтэйгээ өнгөрөөдөг. 


Жефф Безос, “Amazon”-ы ерөнхий захирал

Хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд гол анхаарлаа хандуулдгаараа домог болсон нэгэн. Та Ж.Безосыг ажлын боол гэж бодож байна уу. Гэхдээ тэр ажлаас өөрийг мэдэхээ байсан боссуудын нэг биш. Ж.Безоссайтар унтаж амрахыг илүүд үздэг. Өөртөө хатуу дэг журам, цаг тогтоодоггүй. Амжилтынх нь нууц бол ердөө л  эрт унтаж, эрт босох. 


Тим Кук, “Apple” компанийн ерөнхий захирал


Тэр өглөө 4.30 цагт босч цахилгаан шуудангаа шалгадаг. Харин таван цаг гэхэд тренажерын зааланд дасгал хийж, үдшийн бүрий хүртэл ажилладаг нэгэн. Ажил дээрээ бусдаас түрүүнд очиж, сүүлд явдаг гэдгээрээ бахархах дуртай алдартан. 


Билл Гейтс, “Microsoft” компанийг үндэслэгчдийн нэг


Билл Гейст өөртөө  өдөрт ядахдаа нэг цаг дасгал хийх зав гаргаж чаддаг тэрбумтан. Өглөөд гүйлтийн зам дээр гүйж,  дасгал хийхээ тасална гэж харин ч нэг байхгүй дээ. Энэ зуураа зааварчилгааны талаарх видео бичлэг үздэг гэж байгаа. 


Марк Цукерберг, “Facebook”-ийг үндэслэгчдийн нэг, өдгөө захирлаар нь ажиллаж буй


Марк Цукерберг гол төлөв зургаан цагт босч, ажилдаа явдаг. Тэрээр өмнө нь өглөөний зургаа хүртэл программистуудтайгаа чаталж, өглөөд хэдхэн хором дугхийдгээрээ алдартай байв. 

Жек Дорси, “Twitter”-ийг үүсгэн байгуулагчдын нэг

Тэрээр өглөөний 05.30-д босч, бясалгал хийн, дараа нь найман километр зайд гүйдэг. 


Ричард Брэнсон, “Virgin Group”-ийг үндэслэгч

Р.Брэнсон хувийн аралд өглөө эрт сэлэх дуртай. Үүний дараа теннис тоглож, дараа нь өглөөний цайгаа уудаг. Эрүүл хооллолтод анхаардгаараа алдартай нэгэн. 


Уоррен Баффетт, “Berkshire Hathaway” –ын ерөнхий захирал

Тэр өглөөний 06.45 цагт босч, зургаан ширхэг сонин уншдаг зуршилтай. Түүнд тогтсон ажлын горим гэж үгүй. Өдрийн 80 хувийг уншлаганд зориулдаг. 


Ратан Тата, “Tata Sons” –ы хүндэт дарга

Ратан Тата өглөөний зургаан цагаас эхлээд л  “Тата Sons”-ын салбар компаниудын хуралд суудаг. Харин амралтын өдрүүдэд хувийнхаа машинаар юм уу “Falcon” нисэх онгоц хөлөглөн өнгөрүүлэх дуртай.  


Мукеш Амбани, “Reliance Industries Limited” –ийн дарга

Тэр өглөө бүр 05.00-05.30-ын хооронд босдог. Тренажерын зааланд дасгалаа хийж дуусгаад усанд сэлж, дараа нь сонин уншдаг.


Опра Уинфри, жүжигчин, хөтлөгч, зохиогч

Түүний ажлын нэг өдөр тайвшрах дасгал бүхий 20 минут бясалгал хийхээр эхэлдэг. Дараа нь хувийнхаа зааланд дасгал хийдэг. 


Индра Нуйн, PepsiCo-гийн ерөнхий захирал

Индра Нуйн, PepsiCo-гийн Ерөнхий захирал өглөөний нартай уралдан босч, хүмүүс орноосоо босоогүй байхад ихийг амжуулах дуртай. 


Падмашри Уорриор, АНУ-ын “NextEV”-ийн ерөнхий захирал

Өглөө 04.30 цагт босдог. Нэг цаг орчим цахим шуудангаа шалгачихаад, мэдээ уншдаг. Ажилдаа 08.30 цагт очдог. 


Нарендра Моди, Энэтхэгийн Ерөнхий сайд

Өглөө таван цагт босч, амьсгалын дасгал болох пранаяма, наранд мөргөх дасгал болон йога хийдэг.  


Барак Обама, АНУ-ын Ерөнхийлөгч асан

Өглөөний 06.30 цагт босч, зааланд очиж дасгал хийнэ. Дараа нь гэр бүлийнхээ хамт өглөөний цайгаа ууна. 


Дэвид Кэмерон, Их Британийн Ерөнхий сайд асан

Тэрбээр өглөө зургаан цагт босч, найман цаг хүртэл тухайн өдөр болох ажлын хуваарьтайгаа танилцдаг. Дараа нь гэр бүлийнхээ хамт өглөөний хоолоо иддэг. Гэр бүлдээ баримталдаг дүрэм нь өглөөд зурагт асаахыг хатуу хориглодог.


Вират Кохли, крикетчин

Тэрээр зургаан цагт босч, эрчимтэй дасгал сургуулилалтаар өглөөг эхлүүлдэг. 


Говард Шульц, “Starbucks”-ын Ерөнхий захирал

Өглөөг дасгал сургуулилтаас эхлүүлдэг тэрбээр эхнэрийнхээ хамт дугуй унадаг ч зургаан цагаас өмнө ажилдаа очдог.


Жефф Иммельт, GE-гийн Ерөнхий захирал

Тэрээр өглөө бүр 05.30 цагт босч, зүрхний үйл ажиллагаа дэмжих дасгал хийдэг. Энэ зуураа сонин уншиж, мэдээ үздэг. 24 жилийн турш долоо хоног тутамд 100 цаг ажилладаг байсан гэж ярих дуртай. 


Дэн Акерсон, “General Motors”-ийн ерөнхий захирал

Өглөөний 04.30 эсвэл таван цагаас хойш унтах нь ховор. Тэрээр босонгуутаа “GM Asia”-тай утсаар холбогдож ажлаа эхэлнэ. Хийх дуртай ажлуудаас нь хамгийн сайхан нь энэ.  Ингэж ажлаа эхлүүлдгээ “Хэцүү ч гэлээ маш сонирхолтой, сэтгэл татам” гэсэн нь бий.  


Боб Игер, “Disney” –н ерөнхий захирал

Өдөр бүр 04.30 цагт босдог. Олон ажлыг нэгэн зэрэг тайван хийж чаддаг. Ном унших, спортоор хичээллэх, хөгжим сонсох, цахим шуудангаа шалгах, телевизор үзэх гэх мэтийг зэрэгцүүлнэ гэж гайхмаар чадвар шүү. Тэрээр цагийг тайван өнгөрүүлж буй нь энэ. Нэг дор олон зүйл хийж чаддаг нь түүний бас л нэг гойд авъяас.  

Харин та хэдэд босдог вэ? Бидэнд өглөөнийхөө талаар сонирхуулж,  найзуудтайгаа энэ талаар хуваалцана уу.