ЖЕНЕВ. /AP/. Дэлхий нийт вакцинд эргэлзэх нь нэмэгдсээр байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчнүүдтэй тэмцэхэд саад учирч байгааг анагаахын салбарын мэргэжилтнүүд анхааруулжээ.


Олон нийт дархлаажуултад хэрхэн хандаж байгаа талаар “Wellcome Trust” судалгааны байгууллагаас явуулсан судалгааны дүн зарим бүс нутагт сул гарсан байна. Энэхүү судалгааг 140 гаруй орны 140 мянга гаруй хүний дунд явуулжээ. 


Аутизм зэрэг өвчнийг үүсгэдэг гэх шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээллийн улмаас эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад хамрагдуулахгүй байгаа нь улаан бурхан тэргүүтэй урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой халдварт өвчний тархалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа ажээ.  


“Вакцин дэлхийн олон тэрбум хүний эрүүл мэндийг хамгаалдаг” гэдгийг “Wellcome Trust” байгууллагын судалгаанд онцлон тэмдэглэсэн байна. 


Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдлийн нэгээр вакцинжуулалтад хамрагдахгүй байх”-ыг нэрлэсэн билээ.


 


Вакцинжуулалт нь өвчин тусахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд жилд 2-3 сая хүнийг үхлийн аюулаас авардаг байна. Үүгээр зогсохгүй дэлхий дахиныг вакцинжуулалтад бүрэн хамруулж чадвал өөр бусад 1.5 сая хүний амь насыг аврах боломжтой гэж ДЭМБ-ын тайланд мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг