ОХУ-ын Санкт-Петербург хотноо XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Е.Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын XIV дэх удаагийн Олон улсын уралдаан болж өндөрлөв. 

Энэхүү уралдаанд 13 орны 383 дуурийн дуулаачаас хагас финалд 11 орны 49 дуурийн дуулаач өрсөлдсөн бол сүүлийн шатанд зургаан орны 14 дуучин тунаж үлджээ. 

Монгол Улсаа төлөөлөн тус уралдаанд оролцсон, ДБЭТ-ын Дуучин Н.Чулуунхүү сүүлийн шатанд шалгаран, “ТУСГАЙ БАЙР”-ын шагнал хүртсэн байна. 

Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулсан, ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XII удаагийн уралдааны “ГРАН ПРИ” шагнал хүртсэн юм.