УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 5 гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус зөвлөлийн гишүүнд Д.Өлзийбаатар, Н.Жанзан, С.Алтанцэцэг, Д.Батсүх, В.Бат-Эрдэнэ нар нэр дэвшсэн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжиж буй эсэхээр тус бүрт нь санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувь нь нэр дэвшигч бүрийг дэмжив.

Ингэснээр УИХ тогтоол гаргаж, Д.Өлзийбаатар, Н.Жанзан, С.Алтанцэцэг, Д.Батсүх, В.Бат-Эрдэнэ нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Д.Өлзийбаатар нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн шагналт, түүхийн ухааны доктор. Тэрбээр Баянхонгор аймагт түүхийн багш, Улсын төв архивд архивч, Цагаатгалын комисст судлаач, Архивын ерөнхий газрын дарга, дэд дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2016 оноос МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхимийн багш, судлаачаар ажиллаж байв.

Н.Жанцан нь 1948 онд Сүхбаатар аймагт төрсөн, хууль зүйн докторын зэрэгтэй, Цэргийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МАХН-ын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1990-1992 онд  Улсын бага хурлын гишүүн, 1992-2018 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар тус тус ажиллаж байв. 

С.Алтанцэцэг нь ОХУ-ын Ждановын нэрэмжит сургуульд бакалавр, Берлиний Гумбольдын их сургууль, АНУ-ын Сеатле хотын их сургуульд магистр хамгаалсан. МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. 

В.Бат-Эрдэнэ нь Эрхүүгийн Улсын их сургуулийг сэтгүүлч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулий эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байсан. 

Д.Батсүх нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.