Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр эрээ цээргүй зүйл ярьж, түүнийг нь хөгжөөсөн, гэр бүлийнхээ хэрүүлийг удаа дараа цахим сүлжээнд цацаж, нийгмийг албаар хуваан талцуулах зэрэг хэргүүд их гарах болсон. Мөн хүчирхийлэл үйлдсэн, хар тамхи хэрэглэсэн нь байж болзошгүй зэрэг тодотголтой олны танил эрхмүүдийг тойрсон паян, балаг олон. 

Өмнө нь хэвлэлийн хуудаснаа бичигдээд өнгөрдөг байсан энэхүү жишиг ард үлжээ. Үүнийг олон нийтээрээ “эсэргүүцэх” хөдөлгөөн хэдийн өрнөөд эхэлжээ.

Энэ бол алдаагаа үл ухамсарлаж, залруулахгүй бол тухайн хүний, компанийн нийгмийн байр суурийг нь ганхуулах хориг юм.

Эсэргүүцлийн арга хэмжээнд эдийн засгийн арга хэмжээ буюу реклам сурталчилгаанд тоглохыг хориглодог.

Хэрвээ дуучин бол

-Дууг нь сонсохгүй,

-Тоглолт, телевизийн нэвтрүүлэгт оролцуулдаггүй.

Байгууллага удирддаг бол тухайн байгууллагаар нь үйлчлүүлэхээ больдог. Нэг ёсондоо орлого, эрх мэдэл, нийтэд хүрэх дуу хоолойтой нь ярьж, бусармаг үйлдлийнх нь төлөөс болгож байгаа юм. 

АНУ-ын хэмжээнд цахим орчинд нэг хэсэг үүнтэй адил хөдөлгөөн өрнөсөн нь “Cancel culture” байв. Тус олон нийтийг хамарсан цахим хөдөлгөөн, уриалгын зорилго нь болчимгүй үг яриа хэлж ярьсан, арьс өнгөний үзэл гаргасан, олон нийтэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хувь хүн болоод байгууллагуудыг албан ёсоор олон нийтээс уучлалт гуйхыг шаарддаг. 

Гэсэн ч уг хөдөлгөөнд нэг сул тал байсан нь олон нийт нэг хүн болоод нэг байгууллагыг онилоход хохирол тухайн хүмүүсийн нийгмийн байр суурь, эрх мэдлээс хамааран харьцангуй өөр өөрөөр тусч байв.

Буруу зүйл хийсэн үр дагаврыг нь хүртэх ёстой ч үнэндээ олны танил хүмүүст энэхүү хориг тэр бүр үйлчилдэггүй байна.

Алдарт Харри Поттер цувралын зохиолч Ж.К.Роулинг өөрийн твиттер хуудаснаа анти-транс буюу хүйсээ солиулсан хүмүүсийг эсэргүүцсэн агуулга бүхий жиргээ нийтэлсэн нь олны бухимдлыг хүргэсэн юм. Мөн рэппер Дожа Кат өмнө нь арьс өнгөний үзэл сурталчилсан чат групптэй байсан нь илэрсэн.

“Дууны дугуйлан” цувралын од Лиа Мишель хамтран ажилладаг жүжигчиддээ таагүй ханддаг байсан, Youtuber Жэймс Чарлез насанд хүрээгүй, гетеро бэлгийн чиг хандлага бүхий зөөгч залууд бэлгийн дарамт үзүүлсэн зэрэг урт жагсаалт бий. 

Хамгийн сүүлд л гэхэд дуучин Эминем тус хөдөлгөөний бай болсон бөгөөд Z үеийнхэн түүнийг хэт бухимдал бүхий үгс шүлэглэдэг гэж үзсэн юм. Түүнчлэн Эминем болон Рианна нарын дуулсан “Love the Way You Lie” дуун дахь Эминемийн хэсэг бүхэлдээ эмэгтэй хүний эсрэг хүчирхийллийн агуулгатай байсан хэмээжээ. Дууны нэг хэсэгт ч “Хэрэв тэр надаас дахин зугтах гэж оролдвол би түүнийг ортой нь хүлээд байшинг нь галдан шатаах болно” гэж гардаг байна. Тэрбээр энэ дуунаас болж Z үеийнхэнд хангалттай зүхүүлсэн.
Жина Карано хэмээх жүжигчин бүсгүй өнгөрөгч онд цацагдсан “The Mandalorian” цувралын эхний хоёр ангид тоглосон ч цаашид цувралаа үргэлжлүүлж чадахгүй  болсон юм. Шалтгаан нь түүний цахим орчинд нийтэлж байсан постоос үүджээ. Кино багийн зүгээс ч түүнийг энэхүү шалтгаанаар хассанаа нуугаагүй юм. Постын хувьд тэрээр нацист германчуудын зургийг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбосон байжээ. 
Нэвтрүүлэгч, хөтлөгч Эллэн ДеЖенерэс ч тус хөдөлгөөний бай болоод амжсан. Тэрбээр нэвтрүүлгийн арын албанд ажилладаг ажилчидтайгаа зүй бус харьцдаг нэгэн болох нь илчлэгдсэн юм. Тиймээс нэвтрүүлгийн багийн түүнтэй цаашид хамтрах эсэх нь эргэлзээтэй болсон.

Харамсалтай нь хөдөлгөөн тэдний хувьд үл ялиг цохилт л болж очжээ. Тэдний амьдралд нөлөөлж, карьерийг нь эцэслэсэн тохиолдол тун ховор. Тэгвэл жирийн нэг байгууллагын ажилтан, эрх мэдэл үгүй нэгэнд хэрхэн туссан бол? 

АНУ-ын нэг мужийн харьяа сургуулийн харуул арьс өнгөөр ялгаварлах үзлээ нуудаггүй байжээ. Түүний хэрхэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж буй үйлдэл дүрстэйгээр олон нийтийн сүлжээнд тавигдсан юм. Сошиал медиа хэрэглэгчид түүн рүү чиглэсэн хөдөлгөөн өрнүүлсэн нь үр дүнгээ ч өгч, харуул эр ажилгүйчүүдийн эгнээнд нэгдсэн юм. Мэдээж нэгэнт ийм шалтгаанаар ажлаас халагдсан тохиолдолд дараа дараагийн ажлын ярилцлагад хүндрэл учруулна.

Тэгвэл Монгол Улсад энэ хөдөлгөөн эхлэх цаг болсон уу?

Бид ердөө гурван сая гаруйхан хүн амтай улсын иргэд. Гэхдээ ухаалаг утас, сошиал медиаг идэвхтэй хэрэглэгчдийнхээ тоогоор ч дэлхийд дээгүүр бичигддэг.

Хүн ам багын хэрээр олны танил болох нь бусад улс оронтой харьцуулахад амархан. Гэсэн ч нэгэнт одын замыг сонгосон бол хэлэх үг, хийх үйлдлээ анхаарч байх нийгмийн бичигдээгүй хуулийг дагах ёстой.

Цахим хэрэглээ гэдэг насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд тодорхой зохицуулалтаар ажилладаг байх учиртай ч үүнд анхаардаг эцэг эх гэж бараг алга. Үндсэндээ нас нэмсэн ч ухаан тэлээгүй томчуудын үгээр оюун тархиа угаалгаж байна.

Ийм байхад олон нийтийн сүлжээнд элдэв бусармаг зүйлс ярьж, хөгжилдөн хараал ерөөл тавин хэрэлдэж буй бичлэгээ дэлгэх нь хэр зохистой вэ?