“British Airways” компанийн 185 мянга гаруй үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл алдагдсан гэж тус компани мэдэгдлээ.

Энэ оны 4 дүгээр сарын 21-нээс 7 дугаар сарын 28-ны хооронд төлбөрийн карт ашиглан билетийн захиалга өгсөн үйлчлүүлэгчдийн мэдээлэл алдагдсан гэж тус компанийн толгой  “International Airlines” групп мэдэгдсэн байна.

“British Airways” компани өнгөрсөн сард мөн 380 мянга орчим төлбөрийн картын мэдээлэл алдагдсан гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч тус компани пүрэв гарагт дахин мэдэгдэл хийхдээ 244 мянга орчим төлбөрийн картын мэдээлэл алдагдсан гэсэн байна.

Үүнээс гадна 77 мянган хүний нэр, гэрийн хаяг, төлбөрийн картын дугаар, картын нууц дугаар, цахим шуудангийн хаягийн мэдээлэл алдагдсан гэж компани мэдэгдэлдээ дурджээ. Энэ мэдээлэлд үндэслэн хакерууд худалдан авалт хийх боломжтой юм.

Дээр дурдсан хугацаанд төлбөрийн карт ашиглан “British Airways” компаниар үйлчлүүлсэн хүмүүс баасан гарагийн 17 цагаас өмнө цахим шуудангаар дамжуулан холбогдох хэрэгтэйг компани анхааруулсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN