Богд уул Хэнтийн нуруунаас "тасарснаас" зэрлэг амьтдын нүүдлийг хязаарлажээ

Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдрийг тохиолдуулан (2026.03.03) “Богдхан уул ба Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн зэрлэг амьтны экологи, хамгаалал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Богд уул орчмын бугын тоо толгой нэмэгдэж буйтай холбоотойгоор үүсэж болзошгүй эрсдэлийн талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхбилэг илтгэл тавьсан юм.

Тэрбээр "Буга идэш тэжээл ховордсоноос болж хот суурин руу орж ирж байгаа хэрэг биш юм. Харин бэлчих ёстой нутаг нь хүний эзэмшилд орсон байгаа юм. Буганы амьдрах орчин бол ойт хээр, нам дор газар наранд ээж, сүргээрээ явдаг араншинтай амьтан. Аюул тулгарсан үед л ойн гүндээ ордог.  1990-ээд оны үед буга цөөрч байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй эрчимтэй өсөх хандлагатай байна. 

Бугын хувьд бүх төрлийн өвслөг, сөөг ургамлыг иддэг тул амьдрах чадвар сайтай, хурдан өсөж үрждэг амьтан гэж үзэж болно. Тиймдээ ч Богдхан уулан дахь бугын популяцийн өсөлтийн шинж тэмдэг одооноос ажиглагдаж байна. Тухайлбал цэцэрлэгт хүрээлэнд, төрийн тусгай хамгаалалттай газрын хашаанд гэх мэт суурьшлын бүсэд нэвтрээд байгаа хэрэг. Энэ маягаараа үргэлжилбэл өнгөрсөн сард тохиолдсон хашаанд сүлбүүлж эрсдэх тохиолдол наад захын жишээ болж, илүү олон асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. 

Бичлэг үзэх:

 

Богдхан уулын маань хувьд Хэнтийн нурууны баруун өмнөд захын хязгаар. Гэвч суурин газар, дэд бүтцийн хөгжлөөс болж олон жилийн турш таслагдсаар, үндсэн нуруунаасаа тусгаарлагдсан орчин болоод байна. Үүнээс үүдэн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь "экологийн коридор" байгуулах. Сүүлийн жилүүдэд энэ талаар нийслэлийн захиргаа болон байгаль орчны салбарын мэргэжилтнүүд эрчимтэй ярьж эхэлсэн. 

Зураг
Тайлбар

Нийслэлд орчмын халиун бугын тархалтын зураглал



Богдхан уулын халиун бугын судалгааны тойм


Судлаачдын зүгээс амьтанд зориулсан гүүрэн гарц байгуулах санал гаргаж хоёр жил гаруй ажилласан. Ингэхдээ Налайхын Хонхор орчимд гүүрэн гарц барих боломжтой байршил гэж санал дэвшүүлсэн. Энэ хэсэг Хэнтийн нуруутай харьцангуй ойр учир зэрлэг амьтдын амьдрах орчны холбоосыг сэргээх боломжтой. Ийм төрлийн гарц байгуулах нь ихээхэн хөрөнгө шаарддаг ч цаашид гарах уршгаас сэргийлье гэвэл барьж байгуулах л хэрэгтэй. 


Саяхан Хойд Америкт гэхэд зөвхөн буганд зориулсан гүүрэн гарцыг хоёр дахь удаагаа ашиглалтанд оруулсан туршлага ч бий.

Сүүлийн үеийн ажиглалт, судалгаагаар Богдхан ууланд ойролцоогоор 300–400 орчим буга бий гэж тооцоолж байна. Бугын популяци жилд дунджаар 37 хувиар өсөх боломжтой гэж тооцвол 5–6 жилийн дараа 3000–4000 орчимд хүрэх магадлалтай. Ингэснээр цаашдаа бага газар нутагт хэт олширч, амьдрах орчны хүрэлцээгүй болох эрсдэл нүүрлэх юм.

Цаашилбал экосистемийн тэнцвэр алдагдах эрсдэл ч бий. Учир нь буга жижиг нарийн модны ургал эрхтнийг иддэг учраас шинэ залуу мод түрж ургах боломжийг багасгаж, ой нөхөн сэргэхэд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдэнэ.Үүнээс шалтгаалан тэдгээр модонд үүрлэж амьдардаг шувууд, үрждэг шавж зөгий зэрэг биологийн олон янз байдал багасч, устах эрсдэл ч бий. Байгаль нь өөрөө харилцан уялдаа холбоотой тогтолцоотой учраас нэг зүйлийн тоо толгойн огцом өөрчлөлт нь бүхэл экосистемд нөлөөлөх эрсдэлтэй юм.

Иймээс Богд уулын экосистемийн тэнцвэрийг хадгалах үүднээс бугын популяцийн судалгааг оновчтой хийж, зэрлэг амьтдын нүүдлийн гарц, экологийн коридор байгуулах зэрэг асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үзэх, бодит ажил хэрэг болгох хэрэгтэй" хэмээн ярилаа.


Зураг
Тайлбар

Зэрлэг амьтдад зориулсан гүүрэн гарцын жишиг загвар, Канадын "Banff "үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Trans-Canada" хурдны зам дээр байрлах зэрлэг амьтдад зориулсан гүүрэн гарц.

АНУ-ын Колорадо муж дахь "Interstate-25" хурдны зам дээр баригдсан “Greenland” зэрлэг амьтдын гүүрэн гарц нь 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон бөгөөд Хойд Америк дахь хамгийн том ийм төрлийн байгууламж юм.


Манай улсад түгээмэл ашиглагдаж буй мал, амьтанд зориулсан нүхэн гарц.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.