Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы айлчлал өндөрлөж, өнөөдөр нутаг буцлаа.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн. 

Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр БНСУ-ын Ерөнхий сайдаас визийг хүндрэлгүй гаргаж өгөх асуудалд анхаарал тавихыг хүссэн тухай бид мэдээлсэн билээ.