БЭЭЖИН. /China Daily/. “БНХАУ болон Монгол Улс стратегийн харилцаа холбоогоо сайжруулж, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхол болон гол асуудлуудыг харилцан хүндэтгэх ёстой” гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин пүрэв гарагт мэдэгджээ.

Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай Бээжин хотын Ардын Их танхимд уулзах үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч таван өдрийн айлчлал хийхээр БНХАУ-д өнгөрсөн лхагва гарагт хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр мөн “Бүс ба Зам” олон улсын чуулга уулзалтад оролцоно. 

Хоёр улсын төрийн тэргүүн нар Хятад-Монголын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Уулзалтын өмнө Си Жиньпин Х.Баттулгыг утган авах ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. 

Си Жиньпин Монгол Улсыг Хятадын сайн хөрш, нөхөр, түнш хэмээн сайшаагаад, хоёр талын харилцаа хурдацтай хөгжиж буйг онцолжээ. Мөн тэрбээр, Монголын эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. 

“Хоёр орон улс төрийн зөв чиглэлийг баримталж, бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан бие биеэ хүндэтгэж, итгэх зарчимд тулгуурлан стратегийн түншүүд болох хэрэгтэй. Цаашид хоёр талын төлөөлөгчдийн айлчлалыг тогтмол зохион байгуулж, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхол болон гол асуудлуудыг харилцан хүндэтгэх ёстой” гэж БНХАУ-ын дарга хэлсэн байна. Мөн тэрбээр, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хамтран байгуулах чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалжээ.


Хятад, Монгол худалдааны бүтцийг оновчтой болгож, хамтын ажиллагааны боломж бололцоог судлах хэрэгтэйг Си Жиньпин онцлоод, хоёр улсын хилийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааг хөгжүүлэх хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна. 


Үүний хариуд Х.Баттулга, Монгол Улс нэг-Хятад бодлогыг дэмждэг гэдгийг дахин нотлоод, Тайвань, Төвөд нь Хятадын нутаг дэвсгэр хэмээгээд, Тайвань, Төвөдтэй холбоотой асуудлууд нь Хятадын дотоод хэрэг гэж хэлэв. “Хятад улстай урт хугацааны турш найрсаг харилцааг хөгжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Монгол Улсын дипломат үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг байсаар ирсэн” гэж тэрбээр хэлжээ.

“Хоёр талын харилцааны төлөвлөгөөг боловсруулах хийгээд “Хөгжлийн зам” санаачилгыг “Бүс ба Зам” санаачилгатай холбох чиглэлд манай улс Хятад улстай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч нэмж хэлжээ. Хоёр орон худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, агаарын тээвэр зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэйг тэрбээр онцолсон байна. 

Мөн тэрбээр, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох чиглэлд гаргаж буй Хятад улсын хүчин чармайлтыг Монгол Улс өндрөөр үнэлдэг хэмээгээд, бүс нутгийн асуудлуудыг зохицуулахад Хятадын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг