Даваа гарагт үл мэдэгдэх твиттерийн аккаунтаар модель Чаянагийн 1 минут 23 секундийн бичлэгийг цацсан. Удалгүй тухайн аккаунтыг бичлэгийг тараасан бусад аккаунтын хамт хаасан юм. Бичлэгт Чаяна царай нь үл харагдах эртэй аман секс хийж байгаа нь гардаг аж. Чаяна бол реалити шоуны од Ким Кардашианы ганц эрэгтэй дүү Роб Кардашианы ганц охины ээж нь билээ. Гэхдээ бичлэгээс сонсогдох эрэгтэй Роб биш гэнэ. 

Бичлэгийг хэн тараасан нь тодорхойгүй байгаа ч Чаянагийн өмгөөлөгчид үүнийг "өс санасан", "сүрдүүлэх" зорилготой гэж тодорхойлов. Түүний нэг өмгөөлөгч Уолтер Мосли "Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Цагдаад хандана" хэмээн USA Today -д ярьжээ. Хоёр дахь өмгөөлөгч болох Лиза Блум бичлэг цацагдсаны дараа твиттерт "Бичлэгт оролцсон хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд цацах нь гэмт хэрэг, хүний эрхийг зөрчсөн явдал, гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр юм. Мөн эмэгтэй хүнийг тачаангуй байгааг нь элэглэх гэсэн арга. Охид ийм бичлэгээс болж амиа хорлодог, энэ бол тоглоом биш" гэжээ. 

Чаяна өмгөөлөгч Блумыг өнгөрсөн онд, Роб Кардашиан өөрийнх нь нүцгэн зургуудыг интернетээр тараахад хөлсөлсөн. Лос Анжелесын Дээд шүүх Кардашианыг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хуулийн дагуу Чаянагаас хэсэг хол байхыг үүрэгдсэн билээ. Чаяна удалгүй Роб, Ким Кардашиан болон ээж Крис Женнерийн эсрэг гомдол гаргасан. Шалтгаан нь E Network-оор гарч байсан "Rob & Chyna" реалити шоуг цуцлахад хүрсэн нь тэднээс болсон гэх.