Онолбаатарын Анужин
09 сарын 22, 2026
Есдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Бельги Улсын Цагаачлал хүсэгчдийн холбооны агентлаг (Fedasil), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) Бельги, Люксембург дахь салбарын төлөөлөгчид Монголд ажиллаж, Бельгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Эх орондоо өөрийн хүсэлтээр эргэн суурьших" (AVRR) хөтөлбөрийн үр дүнтэй биечлэн танилцлаа.

"Эх орондоо өөрийн хүсэлтээр эргэн суурьших" хөтөлбөр нь 2011 оноос хойш Монгол Улсад хэрэгжиж байгаа бөгөөд эрүүл мэнд, эдийн засаг, бичиг баримтын хүндрэл, хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн зэрэг нөхцөл байдалд орсон иргэдийг эх орондоо аюулгүй, нэр төртэйгөөр эргэн ирэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Иргэдэд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн цогц бөгөөд буцалтгүй тусламж үзүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго юм.
"Эх орондоо өөрийн хүсэлтээр эргэн суурьших" хөтөлбөрийн хүрээнд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага өдгөө 10,000 гаруй иргэнд хүрч ажилласан байна. |

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Улаанбаатар хот болон Дорноговь аймагт эргэн суурьшсан, AVRR хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй уулзаж, эргэн суурьшихад тулгарсан бэрхшээлийн зэрэгцээ тус хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эхлүүлсэн бизнес, эзэмшсэн ур чадвар, бий болгосон тогтвортой амьжиргааныхаа тухай хуваалцсан юм.
Түүнчлэн төлөөлөгчид Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Каритас Монгол" ТББ, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг зэрэг түнш байгууллагуудтай уулзаж хилийн чанад дахь монголчуудыг эх орондоо эргэн ирэхийг дэмжих, эргэх холбоог сайжруулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нийгмийн хамгаалал болон орон нутагт түшиглэсэн эргэн суурьшлыг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцов.
Бельгийн Засгийн газар, Fedasil нь аюулгүй, эмх цэгцтэй, хүмүүнлэг шилжилт хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр олон жилийн турш тууштай ажиллаж ирсэн билээ. Тэдний энэхүү дэмжлэг эх орондоо эргэн ирсэн монголчуудын амьдралд бодит өөрчлөлт авчирсаар байна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.