МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлыг дөрөвдүгээр сарын 29-нд хийхээр товлосон. Тус хурлын хэлэлцэх асуудлын талаар болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай холбоотой мэдээллийн талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараас тодрууллаа. 


-МАН-ын Бага хурал ирэх даваа гарагт хуралдахаар товлогдсон. Ямар асуудал хэлэлцэх вэ?

-МАН-ын IV Бага хурлыг ирэх даваа гарагт буюу энэ сарын 29-ны өдөр хуралдах шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөс гаргасан. Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд Сонгуульд улс төрийн нам оролцохоо илэрхийлэх хуулийн хугацааг заасан байдаг. Энэ хугацаа энэ сарын 30 ны өдөр буюу ирэх мягмар гарагт дуусна. Тиймээс энэ хугацаанд амжиж МАН Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлэх асуудлыг хурлаар хэлэлцэнэ.

 
- Бага хурлаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах уу?
- Энэ удаагийн Бага хурлаар нэр дэвшигчдийн асуудал яригдахгүй. Харин УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмаа батална. Мөн МАН-ын XXVIII Их хурал хуралдсанаас хойш жил хагас болж байна. Энэ хугацаанд хийсэн ажлаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулж, хэлэлцүүлнэ. Нэр дэвшигчдийг тодруулах үйл ажиллагаа хуулиараа хугацаатай байдаг. Ирэх тавдугаар сарын 24-28-ны хооронд нөхөн сонгуульд нэр дэвших дэвшигч тодрох ёстой. Энэ хугацаанд МАН Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулна.

 


- Сүүлийн үед МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга ажиллаж байна гэх мэдээлэл гарсан. Үнэн үү?

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байна гэсэн мэдээлэл сошиалд гарсан байсан. Энэ бол худал,  ташаа мэдээлэл. Түүний хувьд НАМОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо тус холбоондоо зөвлөхөөр ажиллаж байгаа.  


- Д.Амарбаясгалангийн зөвлөхүүдээр ямар хүмүүс ажилладаг вэ?


- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон болон улс төр судлаач Ц.Мөнхцэцэг нарын хүмүүс ажилладаг.