ЦЕГ-аас АН-ын жагсаалтай холбоотой мэдэгдэлд залруулга хийлээ

ЦЕГ-аас Ардчилсан нам Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх хүсэлт болон хууль бусаар жагсаал зохион байгуулсан гэх асуудлаар гарч буй ташаа мэдээллүүдэд залруулга хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: 

“Энэ сарын 11-14-ний өдрүүдэд Ардчилсан Нам Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтийг ЧДЗДТГ-т ирүүлсэн. Гэвч жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 11-р зүйл 11.1 хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсан хариу өгсөн. 

Ардчилсан Намын зүгээс татгалзсан хариуг үл харгалзан энэ сарын 10,11-ний өдрийн 11-12:30 цаг хүртэл бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан.

Тухайлбал энэ сарын 12-ны өдөр Гэрлэх Ёслолын ордоны талбайд бус зөвшөөрөлгүй газар буюу Австрали улсын элчин сайдын яамны гадаа жагсаал цуглаан явуулсан. ЦЕГ аль ч улс орны дипломат төлөөлөгчдийн газрын аюулгүй байдлыг сахин хамгаалдаг. Эдгээр жагсагчид энэ журмыг зөрчсөн учраас тухайн үед жагсаал цуглаан зохион байгуулах байршилаа өөрчлөх шаардлага тавьсан. 

Энэхүү хоёр удаагийн хууль бус жагсаалтай холбогдуулан МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт заасанчлан зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна. Жагсаалыг удирдан зохион байгуулсан иргэн Ц.Энхсайханы гэр бүлийн хүн ЦЕГ-т удирдах албан тушаал сахидаг нь үнэн. 

Ц.Энхсайхан өөрөө цагдаагийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг гуйвуулж сэтгүүлчдэд ярилцлага өгсөн. Тухайлбал ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан гэр бүлийн хүнийг албан тушаалаас буулгана хэмээн сүрдүүлсэн гэх ташаа мэдээллийг удаа дараа мэдэгдсэн. ЦЕГ-ын зүгээс тухайн жагсаал цуглаантай холбоотой асуудлаар хэн нэгэнд ямар ч дарамт шахалт үзүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Мөн иргэн Ц.Энхсайхан жагсаал цуглаанд оролцогчдыг цагдаагийн байгууллага баривчлана гэсэн ташаа мэдээллүүд гаргасаар байна. Уг мэдээлэлд ч мөн няцаалт өгч байна.

Бид зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж буйн дагуу жагсаал цуглаан зохион байгуулагчдыг өөрийн биеэр хүрэлцэн ирж, тайлбар, мэдүүлэг өгөх зарлан дуудах мэдээ хүргүүлсэн боловч одоогоор мэдүүлэг өгсөн хүн байхгүй” гэлээ.

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FPeaknews1%2Fvideos%2F456717381774629%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>