Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Сүнжидтэй жендэрийн эрх тэгш байдал, ажлын байрны бэлгийн дарамт сэдвээр ярилцлаа.

-ХЭҮК-оос жендэрийн асуудалд чиглэсэн судалгаа дээр хэрхэн анхаардаг вэ?

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу Хүний эрхийн үндэсний комисс хоёр жил тутам нэг удаа судалгаа, хяналт шалгалт хийдэг. Мөн тайлагнах үүрэгтэй. Өнгөрсөн хоёр жилийн хувьд ажлын байрны жендэрийн асуудлаар хандаж буй гомдлууд нэмэгдсэн. 

Үүн дээр үндэслэн ажлын байрны бэлгийн дарамтын судалгааг явуулсан. Уг судалгаагаар аль салбарт жендэрт суурилсан ажлын байрны дарамтууд их, бага байгааг судалж, тохирох арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм.


-Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн шийтгэл ногдуулах хэрэгжилт ямар түвшинд байна вэ? Хохирогчийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу?

-Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргүүдийг бусад материаллаг гэмт хэргүүдтэй харьцуулахад эргээд хохирогчийн эрхийг сэргээхэд маш хэцүү байдаг. Тиймээс хохирогчийг хамгаалалтад авах маш чухал. 

Одоогийн байдлаар холбогдох байгууллагад гомдол гаргаж, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлэн, хүсэлт гаргасан тохиолдолд хохирогчийг хамгаалалтад авч байна. 

Гэвч бодит байдал дээр хохирогчийг хамгаалалтад авах байр хүрэлцээ муутай, шууд зөрчлийн тухай хуулиар хамгаалалтад авдаггүй гээд тогтолцоо муутайг дурдах ёстой.

Жендэрт суурилсан ажлын байрны бэлгийн дарамт учруулсан гэж үзвэл зөрчлийн тухай хууль үйлчилдэг. 

Хэрэв гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл зөрчлийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулдаг. Эдийн засгийн хүрээний асуудлыг өөр хуулиар зохицуулна.

Жендэрт суурилсан ялгаварлалт, гадуурхалт, хүчирхийлэл ямар хүрээнд, хэнийг гэдгээс хамаараад шийтгэл ногдуулах зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох, баривчлах, цагдах хорих шийтгэлүүд байна. 

Ажлын байрны дарамтыг эсэргүүцэх зохицуулалтыг дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн дотоод журмандаа зааж өгөх үүрэг өгч байгаа. 

Үүнийг биелүүлээгүй бол ирэх оны 1 дүгээр сараас үйлчилж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар ажилчин, ажил олгогчид тус тусад нь хариуцлага хүлээлгэх зохицуулалт нэмэгдэж байгаа

Бичлэг үзэх



-Голдуу эмэгтэйчүүд өртдөг үү?

Энэ төрлийн гэмт хэргийг ихэнхдээ эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөтэй, эсхүл хүйсийн хувьд давуу байдлаа ашиглаж үйлддэг тул эрх мэдлийн шинжтэй гэм үйлдэл гэж үздэг.

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 70-80 хувь нь охид, эмэгтэйчүүд байдаг.

Тэр хүмүүс ихэнхдээ охид, эмэгтэйчүүдийг өөрийн бэлгийн дур хүслээ хангах, сул дорой хүйстэн гэдэг нүдээр хардаг учраас жендерт суурилсан хүчирхийлэл ч гэж үздэг. 

Эрэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх нь ховор. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг байхгүй биш байдаг. Эрэгтэйчүүд өргөдөл, гомдол гаргах нь ховор. Эмэгтэйчүүдтэй адил нэр хүндээ хамгаалдаг. 


-Танай байгууллагад жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой ямар гомдол голдуу ирж байгаа вэ? Кэйс дурдах боломжтой юу?

-Иргэдээс ирж буй гомдлууд, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэрүүдээс харахад ажлын байрны бэлгийн хүчирхийллийн тохиолдол буураагүй, харин нэмэгдэж байгаа дүр зураг харагдаж байна. Ажлын байрны бэлгийн дарамтын тухай статистик, тоон судалгаа хомс. Нуугдмал, далд хэлбэрээр явагдаж, дарамтад өртсөн иргэдийн ердөө 10 хүрэхгүй хувь нь холбогдох байгууллагад ханддаг

Энэ нь хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хамгаалалтад авах тогтолцоо хангалтгүй байгаатай шууд холбоотой. Нэр төрөөрөө хохирох, хувийн нууц задрах, байгууллагууд мэдээллийг нь задруулахаас эмээдэг. 

Ирж буй гомдлуудаас харахад удаа ажлын байрны бэлгийн дарамтад өртчихсөн, ажлаас нь халсан, хүүхдийг нь төрүүлснийхээ дараа гомдол гаргасан тохиолдол ч бий. 

Яагаад тухайн үед нь хандаагүй юм бэ гэхээр “Асуудлыг нь шийдэж өгнө гэж бодоогүй” гэж хариулдаг. 

Бид санаачлагаараа жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгааг судалж үзсэн. 

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагаа ямар түвшинд хийгдэж байгааг судалж байна. Гомдлын дийлэнх нь жендэрт суурилсан ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, эрх мэдлийн тэнцвэргүй байдалтай холбоотой.


-Орон нутгийн хэмжээнд жендэрийн мэргэжилтнүүд хангалттай байж чадаж байна уу?

-ЖҮХ Засаг даргын дэргэдэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлах үүрэгтэй. Уг хөтөлбөрийн хүрээнд салбар зөвлөл үйл ажиллагаагаа явуулдаг. 

Бид орон нутгийн 4 аймаг, 2 дүүргээр жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгасан. Жендэрийн эрх тэгш байдлын хүрээнд эрс ахицтай ажиллаж буй, төдийлөн ахиж дэвшил гараагүй ч аймгууд байсан. 


-Хэвлэл мэдээллийнхэн жендэрийн мэдрэмжтэйгээр мэдээлж чадаж байна уу?

-Сэтгүүлчид өөрсдөө хүйсээр ялгаварласан мэдээлэл битгий нийтлээсэй гэж хүсмээр байдаг. Нэн ялангуяа ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн гэмт хэргийн хохирогчийн талаар мэдээлж байгаа бол хохирогчийн хувийн мэдээллийг хамгаалах, хохирогчийг буруутгахгүй байх, хэвшмэл хандлагыг баримтлахгүй байх дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна.