АТҮТ-өөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх  ажлыг орон даяар эхлүүлээд байна.

Учир нь баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулдаг сөрөг нөлөөтэй. Үүнээс болж шөнийн цагаар осол аваар гарах магадлал өндөр байдаг талаар мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг зөв болгох тусгай бэлдэц ашиглаж эхэллээ. 

Энэ онд Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна. Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт хийнэ. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм.

Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах аж. Жолооч нар автомашины их гэрлийн тохиргоогоо хийлгэхдээ өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд хандаж хийлгэх боломжтой юм.