Барилгын дулаалга, эрчим хүчний хэмнэлт хийх Европын сайн туршлага

Peak.mn
08 сарын 27, 2025

Амины орон сууцыг дулаалж эрчим хүчний хэмнэлтийг бий болгох “Дулаан Шийдэл II” төсөл, түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Фрэш” төслүүд Европын Холбооны “СВИЧ-Эшиа” болон Францын Хөгжлийн Агентлаг (AFD)-ийн санхүүжилттэйгээр Монгол Улсад амжилттай хэрэгжиж байна. 

Төслийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 21-29-ны өдрүүдэд Монголоос туршлага судлахаар мэргэжилтнүүд Франц, Бельги улс руу бизнес аялал зохион байгууллаа.

Манай улсаас бодлого боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд болон барилгын салбарын холбогдох төлөөллүүд оролцож эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, тэдгээрийн санхүүжилтийн тогтолцооны талаар Европын сайн туршлагаас суралцав. Түүнчлэн Монгол Улсын тулгамдсан асуудлууд, тэр дундаа гэр хорооллын асуудлыг шийдвэрлэх арга замыг судалж, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжуудыг нээлээ.

ЗурагТайлбар



Франц, Бельги улсын сайн туршлагаас:

Бидний аялал Парис хотоос эхэлж, эрчим хүчний хэмнэлттэй, хямд өртөгтэй орон сууц, хүртээмжтэй хот төлөвлөлтийг үзэж сонирхов. Харин Брюссель хотод Европын санхүүжүүлэгч болон холбогдох байгууллагуудад зочилж санхүүжилтийн боломж, механизм, нийтийн орон сууцны бодлого зохицуулалт тэдгээрийн шинэчлэл засварлалтын талаарх мэдээлэл авч жишиг төсөл бодит үйл ажиллагаатай танилцлаа.

Экосистемийн хандлага

Европын туршлагаас харахад орон сууцны үндэсний агентлагууд эрчим хүчний хэмнэлт, дулаалга засвар шинэчлэлийн гол үүргийг гүйцэтгэдэг ажээ. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд нэгдсэн бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн  орчин чухал болохыг хэлж байв. 

●      ANAH (Францын Үндэсний Орон сууцны агентлаг):
Бага болон дундаж орлоготой айл өрхүүд, орон сууц өмчлөгчдийн холбоодод чиглэсэн дулаалга, засвар шинэчлэлийн санхүүгийн татаасыг удирддаг үндэсний агентлаг юм. Тухайлбал  2024 оны төсөв нь 3.7 тэрбум евро байсан нь энэ чиглэлийн төрийн дэмжлэгийн цар хүрээг илтгэж байна.

●      SOLIHA: Францын ашгийн бус хамгийн том орон сууцны сүлжээ бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн айл өрхөд эрчим хүчний хэмнэлт, сэргээн засварлалтын (техникийн, санхүүгийн, зөвлөх) чиглэлээр иж бүрэн тусламж, дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.

●      Agence Parisienne du Climat (Парисын Уур Амьсгалын Агентлаг):
 “Нэг Цонхны Үйлчилгээ” -ээр техникийн, санхүүгийн зөвлөгөө мэдээлэл, засварын ажлын  дараах хяналт зэрэг үйлчилгээг санал болгодог. CoachCopro.com цахим платформоор дамжуулан байшингийн засвар, дулаалгын ажлуудын түүх, холбогдох ажлыг гүйцэтгэсэн компаниуд, санхүүгийн тооцоо зэрэг нэгдсэн цогц мэдээллээр хангадаг.

●  Бельгийн SLRB (Брюссель Хотын Орон сууцны компани) болон Comensia нь нийтийн орон сууцыг урт хугацааны төлөвлөлт, санхүүжилтийн оновчтой зохион байгуулалт хийснээр хэрхэн сэргээн засварлаж, тухайн барилгын онцлог соёлын өвийг хадгалангаа эрчим хүчний хэмнэлтийн стандартад нийцүүлж буй бодит төсөл, туршлагаа хуваалцсан.

 Хүртээмжтэй санхүүжилт ба урамшууллын систем

Мэргэжилтнүүд тогтвортой урт хугацааны эрчим хүчний хэмнэлтийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оновчтой санхүүжилтийн механизм болон урамшууллын тэнцвэртэй тогтолцоонд тулгуурлах ёстойг онцолж байв.

●  Хүртээмжтэй санхүүжилтийн механизм: Бага, дунд орлоготой айл өрхөд хувийн сууцаа дулаалах, засварлах санхүүжилтэд хамрагдах боломжийг бий болгох.

●  Тэнцвэртэй урамшуулал: Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, татаасыг барилгын компани, эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгч зэрэг нийлүүлэгч тал болон эрэлт тал болох айл өрхүүдэд чиглэсэн тэнцвэртэй дэмжлэг үзүүлэх.

Франц дахь эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Energiesprong-ийн туршлагаас харахад ажиллах хүч, цаг хугацаа хэмнэсэн шинэлэг шийдлүүдийг ашиглахыг санал болгож байлаа. Тухайлбал урьдчилан үйлдвэрлэсэн дулаалгатай ханын материал, нарны эрчим хүчний хавтантай дээвэр болон засварын ажлын гүйцэтгэлийн баталгааг ашигласнаар “тэг эрчим хүчний хэрэглээтэй” орон сууцыг бий болгох боломжтой. Эхний хөрөнгө оруулалт өндөр боловч цар хүрээ, стандартчиллаар дамжуулан урт хугацаанд өртгийг бууруулах боломжтойг дурдлаа.

Европын зөвлөх компани Climact-ын үзэж байгаагаар зөвхөн төрийн татаас хангалтгүй бөгөөд инновац шингээсэн шийдэл, ур чадвартай ажиллах хүч, олон нийтийн зан төлөвийн өөрчлөлт зэрэг нь эрчим хүчний хэмнэлтийг өргөн хүрээнд бий болгоход чухал нөлөөтэйг онцоллоо.

Европоос Монголд санхүүжилт татах боломж

ЗурагТайлбар




Аяллын үеэр Монголын төлөөлөгчид гэр хорооллын эрчим хүчний үр ашиггүй амины орон сууц, хотуудын өвлийн агаарын бохирдол, өрхүүдийн санхүүгийн хүндрэл зэрэг тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулсан ба Европын Хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ), Европын Холбоо (DG INTPA, SWITCH-Asia), Францын Хөгжлийн Агентлаг (AFD) зэрэг байгууллагуудтай хийсэн уулзалтын үеэр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн Европын Холбооноос цаашид Монгол Улсад орон сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, тогтвортой хот төлөвлөлтийг өргөжүүлэх санхүүжилтийн боломжуудыг танилцууллаа.


“Дулаан Шийдэл” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

  ☎️+ 976 75052000

  “ДУЛААН ШИЙДЭЛ ТӨСӨЛ”

   dulaanshiideltusul@gmail.com

    https://dulaalga.mn/

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.