Peak.mn
06 сарын 18, 2025
МУБИС буюу хуучнаар Багшийн дээдийн нэгдүгээр байрны урд талын нүхэн гарцыг шинэчлэхээр болжээ. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ээлтэй байдлаар шийднэ гэдгийг хотын захиргаанаас мэдээллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар “Аяны хүрээнд хоёр цаг гаруй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн унаа, барилга, байшингуудын орц, гарцаар тэргэнцэртэй иргэн түрж явсны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна. Тиймээс нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.