Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 100 гаруй болж өсжээ

Монгол орны 21 аймгийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг “Монгол 99” төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Мөнхбат, Удирдах зөвлөлийн гишүүн Р.Батболд, Х.Должинсүрэн, Ч.Ариунтунгалаг нарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус холбооны байгаль хамгааллын чиглэлээр 21 аймагт хэрэгжүүлж буй ажлуудтай танилцан, бодлого чиглэлийн хүрээнд нийцэж буй төсөл хөтөлбөр, санаачилгуудыг салбарын сайдын хувьд дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тухайлбал, Архангай аймгийн 1999 оны төгсөгчдийн санаачилгаар 2025 онд Булган ууланд 21 янгир нутагшуулсан бөгөөд өдгөө тухайн бүс дэх янгирын тоо толгой 100 гаруй болж өссөн талаар уулзалтын үеэр мэдээллээ. Мөн говийн бүс нутгуудад зэрлэг амьтдад зориулсан хөв цөөрөм, уст цэг байгуулах ажлууд үр дүнтэй хэрэгжиж байгааг онцлов.

2026 онд Говийн бүс нутагт нийт 14 уст цэг байгуулах, Тусгай хамгаалалтай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчин, зэрлэг амьтадын хамгааллын ажлын хүрээнд татварын хөнгөлөлтөд хамруулах зэрэгт салбарын яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгааг уулзалтаар хэлэлцлээ.

Архангай аймгийн Булган уулын түүхийн дурсгалт газрын хилийн цэсийн хэмжээ 1820 га газрыг 2024 оны 06 сарын 05-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор дархан цаазад болгож ангиллыг ахиулж, зөвшөөрөлгүй мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэн, хулгайн ан, мод бэлтгэлийг таслан зогсоосон.


Ингэснээр тус бүс нутагт буга гөрөөс, дорго, тарвага, өмнө бүртгэгдэж байгаагүй ёл, эрээн хавирга зэрэг ховор амьтад, шувууд нутагшиж байгаль сэргэж буй сайн үр дүн гарсан. Мөн Булган уулаас 80 км-т Их тамир сумын Хөх нуурын орчимд цоохор ирвэс бүртгэгдсэн нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уул усны эхийг хамгаалах, амьтан ургамал, ойн сан бүхий газрыг бүхэлд нь хамгаалсны үр дүн гэдэгтэй талууд санал нэгдлээ.

Эдгээр ховор төрөл зүйлийн ан амьтад бүхий эко системийг бүхэл, цогцоор нь хамгаалан үлдэхэд одоогийн дархан цаазат болгосон 1820 га талбайг нэмэгдүүлэх нь тус яамны 2030 он хүртэл Монгол улс нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилготой нийцэж буйг Ц.Сандаг-Очир сайд онцлоод байгаль хамгааллын чиглэлд идэвх санаачилгатай, нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус холбоо болон дэмжин ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийллээ.

Цаашид газар нутгийг тусгай хамгаалалтад авах хэмжээг нэмэгдүүлэх, та бүгдийн хүсэлт гаргасан дагуу Архангай аймаг дах байгалийн онцгой тогтоц бүхий газар нутгийн хилийн цэсийг нэмэгдүүлэн тогтоох хүрээнд хойд Тамирын гол, Хүрээ нутгийн рашаан, Чих хайрхан, Хан хайрхан бүхий ойн сан усны эхийг хамаарсан 200,000 га талбай хүргэх хүсэлтийг судлан, шийдвэрлэх болно гэдгийг онцлов.

Холбоотой сэдвүүд

архангай янгир

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.