Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 25, 2022
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээ бямба гарагт өрнөлөө. Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцжээ.
Есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14.319 байгууллагын 73.472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин, 757 рейсээр 5621.6 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
Аж ахуй нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэн чийгшүүлж, хайс, хашлага, гадна фасадаа цэвэрлэв.
Мөн автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гудамж, зам, талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн юм.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын хөшөө дурсгал, 9000 метр хайс, хашлага, 500 сандал, 600 хогийн сав болоод 50 га талбай дахь ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт, хамгаалалтыг хариуцан сард хоёр удаа угааж, цэвэрлэдэг.
Хайс, хашлагыг цэвэрлэж байсан Тохижилт үйлчилгээний албаны наймдугаар бригадын зам талбайн мастер Б.Оюунчимэг “Хот тохижилтын газарт арван жил мастер хийж байна. Зөвхөн тамхины иш гэхэд агшин зуурт л хаягддаг хог.
4, 5 жилийн өмнө цэвэрлэгээ хийгээд явж ч амжаагүй байхад жолооч нар тамхины ишээ хаядаг байлаа. Харин одоо бол өмнөх үетэй харьцуулахад хүмүүсийн ухамсар их сайжирч байгаа нь анзаарагддаг” хэмээн хэлэв.
Мөн тэрбээр цэвэрлэгээний машин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж сайжирснаар олон хүн оролцдог ажлыг 2-3 ажилтан хийх болж ажлын ачааллыг хөнгөвчилсөн тухай дурдлаа.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.