Америкийн төрийн албанд албаны унаа, хувийн жолооч гэдэг ойлголт огт байдаггүй

Н.Болортуяа
04 сарын 12, 2022

Төрийн албаны ажилтнууд ажилдаа дарга, цэрэггүй хувийнхаа машинаар ирж очдог.Шатахууныхаа мөнгийг ч өөрсдөөсөө гаргадаг. Тэдэнд хувийн жолооч огт байхгүй, дарга нар нь өөрсдөдөө зориулж жолоочийн орон тоо гаргаж, том том машин унаж, хувь хувьсгалын ажилдаа төсвийн мөнгийг үргүй зарцуулж, эрх ямба хэзээ ч эдэлдэггүй. 

Тэд төрийн ажил хийдгээ төрд, иргэдэд үйлчилж байна гэж хэлдгээс “албан тушаал хашиж байна гэдэг” том үг хэрэглэдэггүй. 

Төрийн албаныхан нь маш их хэмнэж ажилладаг. Улирал бүр төсвийн мөнгийг хэрхэн ухаалгаар, хэмнэлттэй зарцуулснаараа ажлаа дүгнүүлдэг. Бараг түүгээрээ уралддаг гэж хэлэхэд болно. 

Бүх юм нь ил тод тул татвар төлөгчдийн мөнгөөр тэгж тансаглаж гэмээн улс төрийн замнал нь дуусгавар болдог. Тэдний ажилдаа ирж очихдоо унадаг машинууд нь дандаа жижиг, шатахууны хэмнэлттэй суудлын тэрэгнүүд байдаг. Том жийп машинууд хотын гудмаар нь ч ховор харагдана. 

Зөвхөн Цагаан ордон дахь төрийн өндөрлөгүүд, зарим нэг (бүгд биш шүү) Конгрессын болон Сенатын гишүүд жолоочтой байна. Үүнийг нь хуульчилж зааж өгсөн байдаг. Манайх шиг хурган дарга нар нь хүртэл албаны машин унаад, эхнэр хүүхдээ зөөлгөөд явдаг зүйл огт байхгүй. 

Өчигдөр манай нэг дарга хэлж байна билээ. “Төрийн албанд жижиг тэрэг унаж, төсөвт хэмнэлт гаргана” гэж. Их л том эргэлт хийж байгаа юм байна даа гэж бодов. 

***

Оюутан ахуйдаа би дандаа дарга нартай цуг сурч байлаа. Хотын дарга, хотын дэд дарга нар, мужийн амбан захирагчийн ажлын албаны дарга, санхүү эрхэлсэн захирал гээд бүгд л хувийнхаа унаагаар хичээлдээ ирдэг байв. Хичээлд ирэхээсээ өмнө тэд машиндаа хувцсаа сольчихоод үүргэвчээ үүрээд, пүүзээ өмсөөд орж ирдэг байсан. Хааяа нэг “хуралтай байгаад хоцрох шахлаа” гээд костюмтай орж ирэхэд нь албаны хувцаслалтыг нь хардаг байлаа. 

Төрийн ажлыг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, хуульд захирагддаг улс ийм л байдаг юм.

Холбоотой сэдвүүд

иргэн төрийналба

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.