Б.Зандан
08 сарын 26, 2020
Олон хүүхэд төрүүлж, хүний дайтай өсгөсөн эхчүүд бол үнэхээр хүндлүүштэй, би бол тэдний гавьяаг хүлээн зөвшөөрдөг. Харин төрөөс алдарт эхийн одон, хүүхдийн мөнгө олгох зэргээр олон хүүхэд төрүүлэхийг дэмждэгийг дэмждэггүй. Алдарт эхийн одонгийн гол ач холбогдол бол ээж гэдэг цалингүй боловч дэлхий дээрх хамгийн чухал ажлыг гүйцэтгэж байгаа гавьяаг үнэлж байгаа хэрэг. Хүүхдийн мөнгө бол орлого бага эсвэл орлогогүй иргэдэд нэмэр болж байгаа төрийн халамж мөн. Гэхдээ ерөнхийд нь харахад улс орны хувьд өгөөж муутай, сөрөг үр дагавартай санагддаг.
1. Төр өөрийн үүргээ биелүүлээгүйгээ энгэр дэх төмрөөр халхалдаг юм шиг санагддаг. Юу гэсэн үг вэ гэхээр төрөөс ээжид бодит дэмжлэг байдаггүй: цэцэрлэг хүртээмжгүй, сургууль хүрэлцээгүй, хүүхдийн эмнэлгүүд байнга ор дутуу, хүүхэд тоглох орчин байхгүй, аюулгүй орчин ч байхгүй. Тоглох гэж гарсан хүүхдүүд амиа алдах явдал даанч олон. “Гурван хүүхэдтэй бол хоёр гэж тооц, дөрвөн хүүхэдтэй бол гуравтай гэж тооц” гэдэг үг бол нэг нь үхнэ гэж байгаа юм шиг аймшигтай үг. Тэгэхээр төрөөс олон хүүхэд гаргахыг дэмжээд байгаа нь “юмыг яаж мэдэх вэ ахиухан төрүүлээд бай, харин оронд нь май энэ одон авчих” гэж байгаа ч юм шиг.
2. Эмэгтэйчүүдийг хооронд нь ялгаварлах үндэс болдог, ер нь л мэдрэмжгүй шагнал юм шиг санагддаг. Цөөн хүүхэдтэй ээжүүдийг үл тоомсорлож, хүүхэд гаргах хүсэлтэй ч жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүд өөрийгөө хэчнээн хэрэггүйг мэдэрч, 4-дэх эсвэл 6-дахь хүүхэд нь нялхдаа нас барсан ээжүүд нас барсан хүүхдээ бодож гашуудах сэтгэлийг бодолцохгүй байгаа явдал биш гэж үү. Хүүхэд нь нялхдаа нас барсан бол алдарт эхийн одон олгодоггүй гэсэн заалт хүртэл байдаг.
3. Хүн амын тоог биш чанарыг нь өсгөмөөр байна. Гарсан хүүхэд аюулгүй орчинд амьд явах нь баталгаатай, хоол ундтай, боловсрол хүртэх боломжтой, цаашлаад амьдралаа авч явах боломжтой байх ёстой. “Цөөн хүн амтай болохоор бидэнд хүн хэрэгтэй”, “хүн цөөхөн болохоор урд хөршид залгигдана”, “зах зээл жижиг болохоор зах зээлээ томруулмаар байна” гэж үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн шалтгаануудыг тоочдог. Гэтэл аль аль нь хүний тоогоор биш чанараар сайжрах асуудал. Дэлхийн улс орнуудыг ДНБ-ээр жагсаахад олон хүнтэй улсууд дээгүүр жагсдаг боловч нэг хүнд ногдох ДНБ-ээр жагсаахад Люксембург, Швейцар, Ирланд, Катар, Норвеги, Исланд мэтийн цөөн хүн амтай улсууд орж байх. Энэ улсууд хүн ам цөөн ч амьдралын чанар сайн, хүн бүр нь үнэ цэнтэй байдаг. Тэгэхээр улс баян болох нь, хөршдөө залгигдах эсэх нь хүн амын тооноос огт шалтгаалахгүй байна. Бид 10-20 сая хүнтэй болсон ч Хятадын 1.4 тэрбум хүнтэй харьцуулахад юу вэ? Хоёр хөршийг бид хүн амын тоогоор гүйцтэл өдий. Харин цөөн ч гэсэн хүн ам нь мөнгөтэй, боловсролтой байвал улс орон илүү хүчирхэг болно. Зах зээл ч мөн адил. 10 сая ядуу иргэнтэй байснаас 3 сая баян иргэнтэй байвал худалдан авах чадамж илүү болохоор эдийн засагт илүү сайн нөлөөтэй. Гэтэл олон хүүхэд төрүүлэхийг дэмжээд хүүхдийн мөнгө олгоод байхаар ор тас орлогогүй өрхүүд “олон хүүхэдтэй болвол мөнгө ахиухан авна” гээд хүүхэд гаргаад байдаг, гэтэл тэр мөнгө бол хүүхэд өсгөхөд хангалтгүй. Ийм замаар яваандаа өлсгөлөн, боловсролгүй иргэд олшрохыг төр дэмжээд байгаа юм шиг. Үүний оронд хүүхэд өсч торних сайн орчин бүрдүүлэхэд хүмүүс өөрийн боломжиндоо тааруулж төлөвлөж хүүхэд гаргаж, хүүхэд нь илүү чанартай амьдрах боломжтой санагддаг.
4. Нийгэмд тодорхой ойлголтууд бий болж хэвшихэд нөлөөлдөг. Жишээ нь, эмэгтэй хүн хүүхэд гаргах ёстой, хүүхэд гаргаж өсгөсөн нь дан ганц эмэгтэйн л гавьяа. Мэдээж эмэгтэй хүн зовж төрдөг, хүүхдийн хүмүүжилд чухал үүрэгтэй - үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хүүхэд бүрэлдүүлэх, өсгөхөд аавын оролцоо бас байдаг, байх ч ёстой. Гэтэл хүүхдийг зөвхөн ээжийн хариуцлага болгож орхидог. Бас эмэгтэй хүн 1-3 хүүхэд гаргавал юман чинээ асуудал биш, бараг “тэнэг”, харин 4-өөс дээш хүүхэдтэй болж байж л тоож болохуйц ээж болж гэж үзэж байгаа юм шиг.
Тэгэхээр яах вэ? Юуны өмнө хүн амын бодлогоо эргэж харах хэрэгтэй. Хүн ам нь хурдан өсөхийг чухалчлах биш, одоогийн хэмжээндээ байлгаж, чанартай буюу амьжиргааны түвшин өндөр иргэдтэй болоход анхаармаар санагдаж байна.
Ер нь дэлхийд ядуу улсууд олон хүүхэдтэй байдгийг статистикаас харж болно. Бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт муугаас болж ядуу улсуудад төрөлт их байдаг. Тэжээж чадахгүй олон хүүхэдтэй бол тухайн гэр бүлд хүнд дарамт болно, тэд халамж авна, улс оронд нэмэр биш дарамт болдог. Хөгжсөн улсууд цөөн хүүхэдтэй, зарим нь бүр хүүхэдгүй байх болсон. Учир нь хүүхэд төрүүлж, өсгөж, боловсруулах нь өндөр үнэтэй ажиллагаа болж хувирсан. Харамсалтай нь манайд ч хүүхдэд чанартай боловсрол олгох, аюулгүй сайхан орчинд өсгөх зэрэг бол үнэтэй ажиллагаа болж эхэлж байна.
Хүн амаа заавал өсгөнө гээд байгаа бол төрөөс хүүхэд төрүүлэх мотивацийг одонгоор эсвэл хүүхдийн мөнгөөр шийдэх биш, бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хүрэлцээтэй цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, аюулгүй орчин бол одон, хүүхдийн мөнгөнөөс илүү чухал хөшүүрэг болно. Төрсөн нэг ч гэсэн хүүхэд үнэ цэнтэй тул хүүхэд бүр аюулгүй орчинд чанартай хоолтой, чанартай боловсрол эзэмшиж сайхан амьдрах баталгаатай болгоход анхаарвал аяандаа хүүхэд төрүүлэх улсууд нь төрүүлээд л явчихна, харин нийтэд нь авч үзэхэд амьдралын түвшин сайжрах байх.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.67.13] ・ 2020.08.29 Хариулах
Маш зөв зүйтэй бичжээ.
Зочин [220.233.193.118] ・ 2020.08.28 Хариулах
Соц нийгмийн үед бүх зүйл одон, тэмдгээр хэмжигддэг байсан. Бүр хүүхэд байхаас л 5 онцыг эзэмшигч гээд тэмдэг авдаг байлаа. Тухайн үед эхийн одон хүн ам өсгөх хөшүүрэг болж байсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо нийгмийн өөрчлөл, шаардлагадаа захирагдаж өөр хөшүүрэг бий болгох ёстой.
Зочин [66.181.165.93] ・ 2020.08.27 Хариулах
Хүүхэд тэжээх чадваргүй нөхөр нь ажилгүй бхад хүүхэд цувуулаад бхийн. тэрмуу шармал төмрөөр яадгийн. Хүн ам өсгөх биш , үйлдвэрлэлээ хөгжүүлж хүмүүсийг ажилтай болгох ёстой юм бишүү. нэг л их бөгсний ажил хийж, хүүхдийн тэтгэмж авч амьдрах дуртай гахайнууд болжээ. яг үнэндэээ Хүүхдэд дуртай хайртайдаа гаргаад бгаа биш, жирэмснээс хамгаалж чадахгүй л хүүхэд олчихоод гаргаад бгаа шдээ. Ядуу хүн л хүүхэд их гаргадаг. мэдлэг боловсрол ажилтай хүмүүст хүүхэд гаргаж суух цаг хугацаа үнэ цэнэтэй. тэжээж чадахгүй болохоор эрчүүд хаяад явдаг бх. зарим авгайчууд, жирэмслэж хүүхэд гаргаж , гэдэс харвинтай боллоо гээд нөхөртөө уурлахын . Гаргахаа л болих хэрэгтэй шдээ. ганц 2 хүүхэд гаргаад , цадтал нь хооллож гоё хувцас өмсгө. олон хүүхэд хоол муутай өсгөж бснаас дээр. ажил хийж хамт олонтой бмаар бвал цөөн хүүхэд гаргаж, цалин их олж, эр нөхөр нэртэй амьтдаас хэдэн халтар төгрөг царайчлах хэрэггүй шүүдээ хүүхнүүдээ
Зочин [202.131.233.90] ・ 2020.08.28 Хариулах
Чинийхээр УИХ гишүүн Анужин, дуучин Уранхолбоо, Халиунаа нар ядуу хүмүүсүү тээ. Олон хүүхэдтэй сайхан амьдарч яваа нэр алдартай хүмүүс зөндөө л байна. Тархиныхаа хэмжээнд сэтгэж, ярихаа болиорой.
Санал болгох
1 Стив Морэл: Монголын хөдөө шиг диваажин үгүй, хайрлаасай хамгаалаасай гэж хүсдэг
2 Байгалиа хөгжлийн үндэс болгосон Бутанчуудаас бид юу сурах вэ?
3 ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг
4 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
5 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул