Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатартай ярилцлаа.

-Та МҮОНРТ- ийн ерөнхий захирлаар томилогдоод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна.  Таныг сэтгүүлч гэдгээр үзэгч олон андахгүй. МҮОНРТ-тэй ажил амьдралаа хэзээнээс холбосон бэ?

-Би 2001 онд МҮОНРТ-д дадлагажигчаар ирж байсан. ММ агентлагт дадлага хийж байлаа. Сургуулиа төгсөөд дагалдангаар ажиллах болсон. Телевизэд Ц.Сүхбаатар гэж хүн надад телевизийн сэтгүүлч гэж хэн болохыг зааж сургасан.

Сүхээ багш маань одоо миний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Сүүлд “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийг хөтлөөч гэсэн урилгын дагуу 2017 оноос гурван жил ажилласан. Ингээд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад хоёр дахь удаагаа оролцож уг албан тушаалд томилогдоод хоёр сар гаруй болж байна.

-Ажлаа хаанаас эхэлж байна вэ. Гүйцэтгэх удирдлагын багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Сонгон шалгаруулалтад орохдоо бодлогын мөрийн хөтөлбөр боловсруулж өрсөлдсөн. Гэвч Монголын үндэсний радио, телевиз гэдэг том айл бүх төрлийн ажил, мэргэжлийн үйл ажиллагаа явагддаг. Тиймээс хамгийн эхний ажил бол радио, телевизийнхээ бүх хүнтэй биечилж уулзах явдал байлаа. Ерөнхий захирлын хувьд радио, телевизийн үйлдвэрлэлээс эхлээд аж ахуй, хүний нөөцтэй холбоотой бүх алба нэгжээр явж хүмүүстэйгээ уулзсан, санал бодлыг нь сонссон. Цаашид ч хамт олныхоо дунд орж ажиллана. Өнөр өтгөн айлыг хойшид хэрхэн авч явах вэ, ямар хэмжээнд хүртэл хөгжүүлэх вэ гэсэн хөгжлийн концепцоо боловсрууллаа. Би хамт олон, удирдлагынхаа багийн хүчээр хөгжлийн концепцтоо нэмэлт агуулга тусгаж боловсруулсан юм.

Удирдлагын багаа энэ салбарын, туршлагатай чадварлаг, чансаатай залуусаар бүрдүүлэхийг хүссэн. Одоогийн байдлаар үүрэг гүйцэтгэгч гэсэн албатайгаар томилогдоод явж байна. 

Захиргааны бүтцийг цомхон байлгах сонирхолтой байгаа. Гол нь үйлдвэрлэлийн үйл явц дээрх хүмүүс нь олон, стандартын дагуу ажилладаг байгаасай гэж хүссэн. Өмнөх захирлын зөвлөл 15 хүнээс бүрддэг байсан. Бүгд тусгай хангамжтай гэх зэргээр шүүмжлэл дагуулсан зүйл олон байсан. Одоо бол захирлын зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй, өргөтгөсөн хурлаараа есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар болгож Үндэсний зөвлөлөөр батлуулсан. 

Одоо Үндэсний зөвлөлөөс сонгон шалгаруулалттай холбоотой журам эцэслэн батлагдсанаар Радио, Телевизийн болоод бусад захирлуудын сонгон шалгаруулалт зарлагдаад явах байх.


-Та сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ бэлтгэн хүргэж буй нийтлэл, нэвтрүүлгийн чанар чансаанд ямар дүгнэлт өгч байгаа вэ. Уг байгууллага маш том бүтэцтэй, 800 шахам ажиллагсадтай нүсэр байгууллага гэж ойлгодог. Тийм ч учраас энэ хэрээр уран бүтээлийн чанар чансаа сайн байх ёстой гэсэн хүлээлттэй байдаг?

-Манай радио 90 орчим, телевиз 60 орчим жилийн түүхтэй, өөрийн соёл, уламжлалтай байгууллага. Өөрийн гэсэн авто баазтай, маш том барилга байгууламж, техник хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах гэх зэргээр ажиллах хүн хүч их шаардана.

Бидэнд үе үеийн уран бүтээлчдийн хийсэн сайн контент олон байна. Гэхдээ энэ нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар хязгаарлагддаг. Бас бусад арилжааны телевизүүд төдийлөн хийдэггүйгээрээ онцлог. Нэвтрүүлгийн чанар чансааг улам сайжруулахын тулд олон зүйл хийх хэрэгтэй байна. 

Хүний нөөцөө илүү чадавхжуулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хамгийн гол нь орж ирсэн хөрөнгө оруулалтыг оновчтой зарцуулах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн хугацаанд буюу 2017, 2018 онд манай байгууллага түүхэнд байгаагүй өндөр хөрөнгө оруулалттай байсан. Харамсалтай нь үүнийг зөв захиран зарцуулж чадаагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дээр нь улс төрийн нөхцөл байдал бидэнд нөлөөлж байна. Тухайлбал, төсвөө тануулдаг гэх мэт.


-Олимпийн наадам шууд дамжуулах уу. Ер нь шинэ контент, уран бүтээл хийхэд хэрхэн анхаарах вэ. Үүнд төсвийн хүндрэлтэй байдал хэрхэн нөлөөлөх вэ?

-Олимпийн наадмыг шууд дамжуулж чадахгүй хэмжээнд хүрч байна. Тун харамсалтай. Монголын нэгэнТББ олимпийн эрхийг нь аваад“Их олимп нэгдэл” ТББ-д шилжүүлсэн юм билээ. Энэ хүрээн арилжааны 13 телевиз олимп дамжуулахаар болсон гэж ойлгож байгаа. Бид олимпийн наадмыг дамжуулахыг хүсвэл маш өндөр төлбөр мөнгөний асуудал яригдаж байгаа.

Яг өнөөдрийн байдлаар манай байгууллага төсвийн хувьд маш хүнд байна. Бид үндсэндээ 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлуулсан. Одоогийн байдлаар 3.5 орчим тэрбум төгрөгийн татварын болон нийгмийн даатгал, бусад өр төлбөртэй байна. 

Цахилгаан, дулааны үнийг тэглэсэн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор хураамжийн орлогоо авч төвлөрүүлж чадахгүй байна.

Дээр нь бид төсвөөс дэмжлэг авдаг учир цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөгдөөгүй. Тиймээс олимпийг дамжуулахад төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас болж хүндрэлтэй байдал үүссэн. Энэ тухайгаа би саяхан болсон Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны хурал дээр хэлж Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлт уламжлаад байгаа.

Гэхдээ энэ мэт бэрхшээлийг тоочих бус гарц, гаргалгаа, эрэл хайгуул хийнэ, шинэ контентууд хийнэ. Ингэхдээ өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлаад хөтөлбөрийн бодлогоо шинэчилж дуусаад байна. Үүний дараа уг бодлоготой уялдсан хүний нөөц, дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр судалгаа хийгээд дуусах шатандаа явна.

Дараа нь контентуудаа хийнэ, сайжруулна. Ямар нөөцөөр, ямар зардлаар, хэдий хугацаанд яаж хийх вэ гэдгийг төлөвлөж ажиллах нь чухал юм. Иймээс бид маш их сууж, олон зүйлтэй танилцаж, няхуур ажиллаж байна. Есдүгээр сарын 27 буюу манай телевиз анх байгуулагдсан өдөр үзэгч, сонсогч олондоо шинэ контент хүргэх төлөвлөгөөтэй байна. Мөн шинэ сүлжээгээ танилцуулна. Шинэ нүүр царайгаар учран золгоно гэж бодож, төлөвлөж ажиллаж байна.


-Төсвийн хүндрэлийг шийдвэрлэх гарцыг хэрхэн харж байгаа вэ?

-Бидэнд төлөвлөгөө байгаа ч хараахан зарлах болоогүй. Намраас төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх хүлээлттэй байна. Мэдээж урт хугацаандаа байнга улсын төсвийн дэмжлэгтэй байх, хураамжийн орлогоо нэмэгдүүлж чадахгүй явах нь хүнд. Бид одоо нэг өрхөөс 1100 төгрөгийн хураамж авч байна. Энэ бол олон жилийн өмнө тогтоосон дүн. 

Уг мөнгөөр үзэгчиддээ нэг сард 500 гаруй цагийн эфир хүргэж байна. 

Телевизийн нэг л сувгийн хувьд шүү энэ тоо. Гэтэл бид чинь Телевизийн таван суваг, Радиогийн гурван сувагтай, вэб сайт нэг гээд маш олон үйл ажилагаа явуулдаг байгуулага шүү дээ. Ер нь яваандаа ОНРТ-ийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг хүмүүс илэрхийлдэг. Гэхдээ хууль өөрчлөхийг хүлээх бус санхүүгийнхээ схемийг оновчтой хувилбараар зохион байгуулах ёстой. Тэгэх юм бол бид маш чадварлаг уран бүтээлчидтэй, сайн контенттой байх боломжтой. Техник технологийн хувьд ч үсрэлт хийх боломжтой. 

Хөгжлийн концепцоор бид 21 дүгээр зууны шинэ медиа корпораци болно гэж тодорхойлсон. Дэлхийн томоохон радио, телевиз BBС,NHK-ийн түвшинд хүрч ажиллах боломж байна гэж харж байгаа. Ерөнхийдөө манай хөгжлийн загвар, ажиллаж ирсэн хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн схем зэрэг нь гадны байгууллагуудтай төстэй. 

Гадныхан ажиллаж болоод байхад бид яагаад болохгүй гэж гэсэн асуулт байна. Бид уран бүтээл хийх, түгээхдээ ч тэр маш оновчтой байх ёстой гэж үзсэн. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал явагдаж байна. Дижитал хувьсгал юм. Тэгэхээр бид түгээх сувгаа маш зөв зохион байгуулах ёстой гэж харсан. Хурдацтай өөрчлөгдөж буй энэ орчинд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энэ байгууллагыг санхүүгийн хувьд үр ашигтай удирдах боломжтой. Тэгэх ч ёстой.


-Өмнөх удирдлагуудын хийж байгаагүй, шинэ концепцийн тухай ярьж байна уу?

-Уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй. Уламжлалаа хадгална. Ялангуяа, радио уламжлалт технологи дээр суурилсан хэвээр байна. Телевиз маань ч тэр. Харамсалтай нь радио дээр бодлогын бичиг баримт боловсруулагдаагүй, айлын шоовдор хүүхэд шиг явж иржээ. Тэгэхээр бид радиогийнхоо хүртээмжийг маш сайн нэмэгдүүлэхэд анхаарна. Үүний тулд дамжуулах станцууд дээр улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийх байх гэж найдаж байна. Дижитал радио руу шилжинэ. Телевизийн хувьд дотогшоо гэхээс илүү гадагш чиглэсэн томоохон контент үйлдвэрлэнэ. 

Манай байгууллага хилийн дээс алхаад BBС-тэй адилхан байхгүй юу, нэр хүндийн хувьд. Гадаад зах зээл дээр Монгол гэдэг нэрийг хэн хамгийн сайн түүчээлж чадах вэ гэвэл МҮОНРТ.  Манайх баялаг үүх түүх, соёл, уламжлалтай. Үүнд тулгуурлаж контент хийж том зах зээл рүү гарах боломж байгаа. Хэн хамгийн бага зардлаар шуурхай мэдээлэл дамжуулж чадах вэ гэвэл радио. Ялангуяа, манай удирдлагын баг радио дээр илүү төвлөрч байгаа. 

Хүртээмж, контентыг нэмнэ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовтой уулзаж 2014 оноос зогссон Оросын дуу хоолой радиогийн Монгол хэлний редакцийн үйл ажиллагааг сэргээх, контент солилцоо, уран бүтээлчдийг сургах зэрэг асуудлаар ярилцаж эрхэм Элчин сайд маш нааштай хүлээн авсан.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөр Бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйтай уулзаж мөн уран бүтээлчдээ сургах чиглэлээр ярилцаж ойлголцсон. Ер нь дэлхийн мэдээний урсгалыг, аль нэг улсын томоохон нэвтрүүлгийн форматыг нутагшуулж оруулж ирэх нь МҮОНРТ-ийн тэргүүний зорилго бус Монгол Улсынхаа соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг түгээх нь бидний эрхэм зорилго гэж ойлгож байгаа.


-Сүүлийн үед үндэсний телевизийг тойрсон маргаан, удирдлагын бүтэцтэй холбоотой халаа сэлгээ ихээхэн өрнөсөн. Энэ байдал юунаас үүдэлтэй гэж харж байна вэ?

-Ерөнхийдөө дотоодод үүссэн хямрал арилсан гэж харж байгаа. Таны асуусан зүйл намайг томилогдохоос өмнөх үйл явц. Өмнөх удирдлагуудын хангамж, зардал мөнгөнөөс үүдэлтэй зөрчилдөөн байсан гэж ойлгодог. Одоо бол үндэсний аудитын хараат бус шалгалт орчихсон байна. Сангийн яамны шалгалтыг давхар оруулна. Тагнуулын байгууллага, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шалгалтыг мөн оруулна. HR-ийн аудит хийлгэнэ. Мэргэжлийн хяналтынхныг бас оруулна. Хэдийгээр төсвөөс дэмжлэг авдаг ч гэсэн энэ байгууллага олон нийтийн статустай.

Санхүүгийн хувьд ил тод байх ёстой. Эхний байдлаар санхүүтэй холбоотой, ажил албан тушаалтай холбоотой олон зөрчил илрүүлээд байна.

Үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаад яахав. Намайг болон удирдлагын багийг үндэслэлгүйгээр халаа сэлгээ их хийж байгаа тухай ташаа мэдээлэл гарсан байна билээ. Жирийн ажилтантай холбоотой ямар ч халаа сэлгээ хийгдээгүй, хойшид ч хийгдэхгүй гэдгийг харицулагтайгаар хэлье. Харин хууль зөрчсөн элдэв үйлдэлтэй эвлрэхгүй гэдгийг хэлэх байна. Одоо ч хэрүүл шуугиан гадна талаас тасрахгүй байна. 

Үүнийг зохион байгуулж байгаа хэсэг бүлэг хүн бий. Би хэн гэдгийг мэднэ. Гэхдээ үүнд ач холбогдол өгч, анхаарал хандуулахгүй. Тэгэх ч шаардлагагүй. Одоо урагш хараад ажлаа хиймээр байна. Бидэнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бүрэн боломж байна. Байр савнаас эхлээд уран бүтээлчдийн чадвар, чансаа хангалттай. Бид хэрүүл хийгээд суух бус энэ салбарын мөсийг зүсээд түүчээлмээр байна. 

Мөс зүсэгч, луужин байх ёстой. Бид эцэг телевиз, радио юм бол түүн шигээ байя. Монгол Улсыг гадагш сурталчилдаг, нүүр тахалдаг том байгууллага нь байя гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Үнэхээр олон нийтийн радио, телевизэд бугшсан идээ бээр нь шахагдаж байгаа. Тийм учраас зарим хүн байж ядаж байгаа. Энэ байгууллага цэвэрлэгдэж, төлөвшиж, хөгжиж байж энэ салбар хөгжинө. 

Энэ салбар хөгжиж байж нийгэм цэвэршинэ гэж ойлгодог.


-Танай байгууллагад улс төрийн аливаа нөлөө орох, өөрийн хүнээ томилох гэж оролдох зэргээр гадны нөлөөлөл хүчтэй байна уу гэж харагддаг. Таны өмнөх захирал дээр ч тийм маргаан гарч байсан. Энэ нөхцөл байдлыг хэрхэн хардаг вэ?

-МҮОНРТ-ийн үе үеийн удирдлагыг улстөрчид томилж ирсэн гэж ярьдаг. Оролцоо байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ миний томилогдох үйл явцад хөндлөнгийн ямар нэг нөлөө огт ороогүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Чадварлаг, мэргэшлийн хүмүүстэй хамтран ажиллана. Хэн нэг улстөрч, нөлөө бүхий этгээд надад хүн шахаагүй. Дурын хүнийг шахаад ажиллачихдаг салбар биш. Магадгүй би энэ утгаараа хамгийн азтай захирал нь байж магадгүй. Өмнө нь шахааны хүн ирлээ гэж ярьдаг байсан. Тэр зүйл нь алга болж байна. 

Саяхан бид бүх нийтийн хурлыг онлайнаар хийлээ. Эндээс манай хамт олон нэг зүг рүү харж чадсан гэж ойлгосон.

Мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Түр томилогдсон захирлуудаа танилцуулсан. Намайг аль нэг талаар нөхөх чадвартай, чадалтай, боловсролтой хүмүүст би санал тавьж авчирсан. Миний далайсан газар далд ордог, далласан газар ил гарч ирэх хүнд санал тавиагүй. Тийм хүн ч байхгүй. Энэ байгууллага хөгжих, дээшлэх ёстой гэдэг дээр би бүх бооцоогоо тавиад ажиллаж байна. Би залуу хүний хувьд ч хожим “Үүнийг хийж чадсан шүү” манай баг маш сайн ажиллаж бүх боломжоо ашиглаж чадсаншүү гэж өөртөө хэлмээр байна. Үзэгч, сонсогч та бүхэндээ ойртож, танд, танай гэр бүл, үр хүүхдэд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг яг та бүхний хэрэглэдэг медиа суваг, хардаг дэлгэцээр чинь хүргэдэг болохын төлөө ажиллаж байна.


-Сүүлийн асуултад та мөрийн хөтөлбөрөө багцлаад товч дурдахгүй юу?

-Би Innovation, Investment, Identity гэдэг агуулгатай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Яг үнэндээ манайд маш чадварлаг уран бүтээлчид ажиллаж, сайн контент хийдэг. Гэтэл түүнийгээ яг үзэгчдэдээ хүргэх тал дээр технологийн суурь маань ч, мөн нуулгүй хэлэхэд сэтгэлгээ маань хоцрогдоод байгаа. Тиймээс байгууллагадаа инновацийн соёл нэвтрүүлж, дэмжиж ажиллана. Гэхдээ энэ бүгд эргээд мөнгөн дээр буудаг. Манай байгууллага улсын төсөв, үйлчилгээний хураамж, өөрсдийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг. Харин орлогын болон санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх боломж байна. Энэ боломжуудыг ашиглана. Энэ бол корпорацийн менежмэнтийн асуудал.

Харин бид юуны төлөө ажиллах ёстой юм бэ, энэ байгууллага оршин тогтнож байгаагийн учир утга юу юм бэ гэдгээ бид маш тодорхой тодорхойлсон байгаа. “Яагаад гэдгээс эхэл” гэдэг шүү дээ. Би сэтгүүлч болчихоод “Монгол хүн гэж хэн юм бэ” гэж маш олон хүнээс асуусан. Оновчтой хариулт сонсож чадаагүй. Хариултаа сүүлд олсон. 21 дүгээр зууны монгол хүнийг бид өөрсдөө бэлтгэх, бий болгох ёстой юм байна. Үүнд МҮОНРТ чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийн сайн сайханд хувь нэмрээ оруулсан монгол хүнийг бүтээхийн төлөө явна гэж ойлгож болно.

Тэгэхийн тулд манай байгууллага муу нэрнээсээ салах ёстой. Ажил хийдүүлдэг олон хүн байна, манайд. Тэр бүхнээс салах ёстой. Жишээ нь, удирдлагууд нь хөлжөөд байдаг. Ажиллагсад нь цалин орлого, амьдрал ахуй нь өсч өндийдөггүй. Ингэж болохгүй.

Энэ байгууллагын нэр сүр, үр өгөөжийг бүх хүн жигд хүртдэг байх ёстой. Хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмжээр нь шударга үнэлэх учиртай. 

Манай хуучин захирлууд, хэсэг бүлэг хүн томилгоо хууль бус болсон гэх зэргээр ярьж байна гэсэн. Элдэв үйл ажиллагаа зохион байгуулах тухай ч сонсогдож л байна.

Энэ асуудал дээр хэлэхэд хууль хяналтын байгууллагууд нь шалгаад тогтоочихсон юм билээ шүү гэх байна. Манай Радио, Телевизийн зөвлөхийн багт энэ байгууллага, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс ажиллаж байгаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Ш.Еолк,Г.Золжаргал, Ц.Сүхбаатар, инженер Ч.Цагаан гэх зэрэг. Мөн миний зөвлөхөөр Б.Батзориг гээд хууль зүйн ухааны доктор ажиллаж байна. Би маш сайн зөвлөх, гүйцэтгэлийн багтай учир өөртөө итгэлтэй байгаа.Манай удирдлагын баг залуусаас бүрдсэн учир зөвлөхүүдээрээ хашир туршлагтай хүмүүсийг урьж ажиллуулж байна. Уламжлал, шинэчлэл, хүсэл зориг, туршлага хосолсон баг бүрдсэн. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Миний хуурай ах, Монгол HD телевизийгийг үүсгэн байгуулсан Ц.Энхбаяр гэж хүн байсан. Тэр хүн МҮОНРТ ямар байх ёстой тухай олон зүйлийг надад зааж сургаж байсан. Маш том хариуцлага, хүлээлт, хүсэл зориг, үнэт зүйлийг тээж байгаа учир надад алдах эрх байхгүй.

Г.БАТЗОРИГ